Францын судлаачид мэрийн суралцах эрмэлзэлтэй хүн бүрийг нойроо сайн авч байхыг зөвлөлөө. Учир нь мэдлэгээ тэлэх тусам суралцах чадвар нойроор “хооллодог” аж. Хувь хүн сурч мэдэх, аливаа шинэ дадал зуршилтай болохын тулд хангалттай нойр авч, тогтмол унтаж амарч байх нь юу юунаас чухал гэнэ.
Учир нь унтаж байгаа хүн сэрүүн байх үеийнхээ дадал зуршлыг тархины амрах рефлексийн давтамжаар байнга нэхэн санаж байдаг ба зарим тохиолдолд энэ нь маш сайн давтлага болдог байна. Хэдийгээр унтаж байх үед мэдрэлийн эсүүд амарч, тархи нойроо авах нь хүний организмын зайлшгүй хэрэгцээ боловч сургалтын ихэнх арга, хэрэглэгдэхүүнд эрт босохыг шаарддаг. Гэхдээ заримдаа хэтэрсэн хичээл, давтлага мэдлэгээ шинээр тэлэхэд тархинд ачаалал болж, үр дүнгүй байдаг inside Science сэтгүүлд бичжээ.
Эрдэмтэд хүн унтаж байх үеийн хоёр үе шатыг харьцуулан судалгаа хийжээ. Гүн бат нойрондоо автах мөч REM болон дөнгөж унтаж эхлэх үе дутуу нойртой хонох буюу NREM гэсэн хоёр тохиолдолд чимээ багатай хөгжим тоглуулсан байна. Энэ үед гүн нойрссон тархи тухайн хөгжмийг далд ухамсрын нөлөөгөөр тархинд аажуухан хэмнэлээр бичиж байсан бол гүйцэд унтаж чадаагүй тархинд сөрөг ачаалал болон тогтворгүй нөхцөл байдалд хүргэх хариу үйлдэл үзүүлжээ.
Хүмүүс дутуу унтаж амрах, дөнгөж зүүрмэглээд сэрэх төдий NREM тохиолдлын үеийн өмнөх ба дараа нь шинээр мэдээлэл олж авах, суралцах чадвар асар их буурдаг аж. Харин гүн нойрсох буюу Rapid Eye Movement (REM) –ийн үед тархи маш сайн амарч, унтахын өмнө уншиж, цээжилсэн хичээл, шинэ дадал зуршлыг бат, бөх тогтооход тустай байдаг гэнэ.
Суралцагчдын дийлэнх нь шөнийн нойроо хумсалж, 4-5 цаг л унтаж амрах гэх мэтээр өөрийгөө хэт дайчлах нь шинээр сурч, мэдэх эрмэлзлийг харин ч үр дүнгүй болгох сөрөг нөлөөтэй аж. Францын Мари Куригийн их сургуулийн эрдэмтэд Эклеол Нормэйл Супериур төслийн хүрээнд хүний нойрмог байдал ба гүн нойрсох үеийг харьцуулан судалгааны ажил хийж байжээ.
Тэдний өгүүлснээр “REM тохиолдол бол хүний бие организм бүхэлдээ амарч, биеийн цусны эргэлт жигдрэхийн сацуу, тархины судсууд тэлж, булчин сулрах явцыг нэрлэж болно. Ийм үед хүн хурдан сэрэхгүй. Харин NREM төрлийн “нойр авах нь” хүний анхаарал сулрах, сэтгэл санаа тогтворгүй болох, нүд улайх, үс хуурайшин, арьс загатнах, бодисын солилцоо тааруу явагдах үндэс болно. Энэ тохиолдолд сэрүүн байхдаа цээжилж, судалсан хичээлийг тархины амралтын явцад нэгтгэх бололцоо олгохгүй. Дутуу нойр авч, гүн бат нойрсохгүй байх нь тархи үргэлж хагас ажиллан, организмд тайван бус байдлыг бий болгодог” гэжээ.