Т.Ариунаа: Космик цомгоороо би залуу фэнүүдээ “халааж” байгаа

Дуучин Т.Ариунаа тайзнаа эргэн иржээ. Эргэн иржээ гэдгийн учир нь тэрээр 2009 оноос хойш буюу сүүлийн найман жил бие даасан тоглолтоо хийгээгүй. 2006 оноос хойш шинэ цомог гаргаагүй байсан юм. Харин тэрээр тун удахгүй цоо шинэ цомгуудаар фэнүүдтэйгээ уулзах гэж байна. Шинэ цомгийнх нь эхний дуу үзэгч, сонсогчдын  хүртээл болоод долоохон хонож байгаа ч телевизийн хөгжмийн сувгуудын шилдэг дууны жагсаалтад дөрөвдүгээрт бичигджээ. Энэ бол “Cosmic Ariunaa: The Remixes” цомогт нь багтсан “Утасны чинь дугаар” дуу. Тэртээ 1996 онд зохиогдсон энэ дуу ч бас шинэ зууны залуусын зүрх сэтгэлд эргэн ирж байгаа нь энэ юм. Модернист яруу найрагч Б.Галсансүхийн дуулиант “Хүн судлал” номд багтсан уг шүлэгт гранж, альтернатив “Нисванис” хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан ая зохион дуучин Т.Ариунаа дуулснаар жинхэнэ хит болж, 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны үеийн залуусыг байлдан дагуулж байв. Энэ дуугаа тэрээр шинэ найруулгатайгаар дуулж, “Утасны чинь дугаар 3.0” гэсэн өвөрмөц клип бүтээжээ. Клипнийх нь өгүүлэмж, зохиомж хийгээд гаргаж тавьсан санаа, хөндсөн сэдэв нь тун шинэлэг. Монголд анхдагч урсгал, чиглэлийг энэ клипээрээ тавьсан гэдгээ Т.Ариунаа гавьяат онцолж байна. “Cosmic Ariunaa: The Remixes” цомог бол Т.Ариунаагийн дөнгөж эхлэл. Тэр дахин дахин тэсэрнэ. Шинэ уран бүтээлээр үзэгчид, сонсогчид, үнэнч фэнүүддээ бэлэг барина. Энэ бүхнийх нь талаар Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаатай ярилцлаа.

 

-Таны шинэ уран бүтээлүүдийг сонсолгүй уджээ. Харин сая “Утасны чинь дугаар” цангинаад эхэллээ?

-Сүүлийн арав гаруй жил цомог гаргаагүй, найман жил бие даасан тоглолтоо хийгээгүй юм байна. Тиймээс олон нийтэд, фэнүүдэд маань хүлээлт үүсчээ. Энэ хугацаанд би зүгээр суусангүй. Ар гэрийн амьдралын хувьд хүнд хэцүү гэх юм уу, сорилт бэрхшээлтэй дөрөв таван жилийг тууллаа. Хүний туулдаг жаргал зовлонг туулсан. Тэр бүхнийг даван туулж чадлаа. Нөгөө талаар Ариунаа гэдэг хүн өөрийгөө хайх эрэл хайгуулд гарсан. Дотоодоосоо өөрийгөө хайлаа.

-Эрлээ олсон уу?

-Энэ асуултыг хариултыг би уран бүтээлүүддээ шингээсэн. Цаашид ч шингээнэ. Гэхдээ миний олон нийтэд хүрсэн уран бүтээлүүд маань өнгөрсөнд нэлээд байна. Тиймээс эхлээд 1990-ээд онд залуусын сэтгэл зүрхэнд хүрч, хит болж байсан дуунуудаа шинэчлэн дуулж нэг цомог гаргахыг зорилоо. Ингээд “Cosmic Ariunaa: The Remixes” цомгоо бэлэн болгоод байна. Үүний дараа “Тэнгэр шиг бай” гэж цомог бас гаргана.

-“Тэнгэр шиг бай” гэж О.Дашбалбар гуайн шүлгийг дуу болгосон хэрэг үү?

-Тийм. “Тэнгэр шиг бай” цомгийн хувьд би өөрөө урьдчилсан  байдлаар ийм нэр өгчихөөд байгаа. О.Дашбалбар найрагчийн хүү Д.Гангабаатартай ярьж энэ дууны нэрийг цомогтоо өгөх эсэх талаар оюуны өмчийн хувьд зөвшөөрөл авна.

-Эхний цомогтоо хуучин дуунуудаа багтаасан гэлээ. Тэгвэл яагаад “Cosmic Ariunaa: The Remixes” гэж нэрлэсэн юм бол?

-Космик гэдэг маань огторгуй, сансар гэсэн үг. Энэ цомогтоо би хуучин дуунуудаа шинэчлээд, хөгжмийн найруулгыг нь өөрчлөн дуулсан. Тиймээс цоо шинэ дуу гэж болно. Энэ цомгийн маань ажил “Космик” гэж төсөл болж хэрэгжиж байгаа. Тэгэхээр дараагийн цомгийн ажил “Тэнгэр шиг бай” гэсэн төсөл болж хэрэгжинэ гэсэн үг. “Cosmic Ariunaa: The Remixes” цомгийн зорилтот бүлэг нь 18-35 насны залуус. Яагаад гэвэл 1990-ээд онд миний дуулж байсан дуунуудыг өнөөгийн 20-иод насны залуус мэдэхгүй болж. “Утасны чинь дугаар” дууг маань 18-тай хүүхэд мэдэхгүй байна. Хүү маань тэр дууг мэдэхгүй, “Таны ийм дуу байсан юм уу” гэж байна. “Утасны чинь дугаар 3.0”  клипэнд хүү маань тоглосон.

Т.Ариунаа: Космик цомгоороо би залуу фэнүүдээ “халааж” байгаа

-Клип тун өвөрмөц болжээ. Зарим хүн ойлгомжгүй болж ч гэж байгаатай тааралдсан. Ямар ч байсан таны энэ клипний талаар эрос хатагтай маань electro dance хатагтай боллоо гэж хэвлэлд бичсэн байна лээ?  

-Энэ клипэндээ би космик үзэл санааг гаргасан. Байгаль, эх дэлхийгээ хайрлаж, шүтэж амьдаръя гэсэн санааг тусгасан. Хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн юм. Гэтэл байгаль дэлхийтэйгээ хэт харгис хэрцгий харьцаж байна. Энэ бол миний санааг зовоож байгаа сэдэв. Тэгээд үүнийгээ уран бүтээлдээ тусгахдаа космик үзэл санаанд тулгуурлан Монголын анхны апоколист чиглэлийн клипийг хийлээ. 1981 онд монгол хүн анх сансарт ниссэн. Тэгвэл 2181 онд монголчууд оюун ухаанаараа сансарт зорчиж яагаад болохгүй гэж. Клипний маань өгүүлэмж ийм юм. Клип “Үргэлжлэл бий...” гээд дуусч байгаа. Учир нь уг клипний хоёрдугаар анги нь “Космик” гэж дуу гарна. Одоо бол ойлгогдохгүй байгаа биз.

-Тийм.

-Хоёрдугаар хэсэг дээр үүний үргэлжлэл, тайллыг гаргана. Яг яах юм бэ гэвэл дэлхий даяар бүх шинжлэх ухаанд космикийг ярьж байна. Дэлхийн том гүрнүүд үүнийг судалж байна. Хар нүхний тухай асар их зүйл бичиж байна. Тэрийг л уран сайхнаар өгүүлсэн. Монгол хүмүүс 2181 онд тэрхүү сансрын хар нүхийг нээж байгаа тухай, тэр нь Монголын эртний хаадын бичээстэй холбоотой гэх мэтээр шинжлэх ухааны уран зөгнөлт өгүүлэмж бүхий клип хийж байна. Үүгээрээ бид Монголын анхны апоколист клипийг хийлээ. Цааш нь залуус үүнийг барьж аваад энэ чиглэлээр кино хүртэл хийх байх. Бид зөвхөн идеа санааг нь өгсөн.

-“Cosmic Ariunaa: The Remixes” цомогт ямар ямар дуунууд багтсан бэ?

-Энэ бол залууст зориулагдсан цомог гэж дээр хэлсэн. Үүгээрээ би залуу фэнүүдээ халааж, залуу зрителээ татаж авна. Тэгээд “Тэнгэр шиг бай”  гэдэг том үзэл санаа руу залуу сонсогчидоо оруулна. “Cosmic Ariunaa: The Remixes” цомогт “Эргээд чамдаа ирнэ”, “Хайрыг минь чи сонс”, “Анхны хайр”, “Жинжиймаа”, “Хуучраагүй жинс”, “Үггүй мордсон чи минь”, “Утасны дугаар”, “Баяртай гэж хэлж чадахгүй” гээд 1990-ээд оны хамгийн гоё хит болж байсан дуунууд багтсан. Тэгээд “Космик” гэж шинэ дуу байгаа. Одооны 18-19 настай залуус “Эргээд чамдаа ирнэ” дууг маань мэдэхгүй, “Утасны чинь дугаар”-ыг мэдэхгүй. Тиймээс яг шинэ дуу шиг хүлээж авна. “Утасны чинь дугаар”-ыг гадаад хэлтэй, гадаадад сурч байсан залуус их сонсч байна. Тэднийг татах юм байхгүй байсан. Одоо тэд энэ дуунд татагдаж байна. Тиймээс би залуу хэмнэлээрээ буцаж ирж байгаа.

-“Тэнгэр шиг бай” цомог бол шинэ дуунуудаас бүтэх нь гэж таны ярианаас ойлголоо?

-Тэгнэ. Төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар гуайн “Тэнгэр шиг бай” шүлэгт урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр аялгуу зохиосон. Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гуайн “Тусгаар тогтнол” шүлэгт төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав ах аялгуу зохиосон. Энэ хоёр үнэхээр сайхан дуу болсон. Мөн “Монгол бүүвэйн дуу” гэж дуу оруулна. Бүүвэйн дуу сонсолгүй өссөн хүүхдүүд хатуу сэтгэлтэй болж байна. Ижий нь хүүхдээ бүүвэйлж домнодог монгол заншил байхгүй боллоо. Үүнд эмзэглэж явдаг тул ийм бүүвэйн дуу дуулсан. “Тэнгэр шиг бай” цомгийн маань онцлог бол дуу бүхнийхээ түүхийг давхар бичиж ном болгон хавсаргана. Түүхийг нь уншаад дуугаа сонсоно гэсэн үг. Бүүвэйн дууг л гэхэд яагаад бүү ай гэж дуулдаг байсан юм гээд л. Бас энэ цомогтоо “Үлэмжийн чанар” шиг дуу дуулж оруулна. Сая би Равжаа хутагтын Хамарын хийд, Шамбалын оронд очиж зураг авалт хийсэн. Ноён хутагтын үе дамжсан тахилч, соёлын гавьяат зүтгэлтэн З.Алтангэрэл ах бидэнд зураг авах маш гоё газар зааж өгсөн. Улаан шороотой, шар шороотой газрын яг зааг, маш сонин өвөрмөц тогтоцтой газарт бид клипний зургаа авсан. Говийн элсэн шуургатай шөнө хүртэл зураг авахуулсан. Ер нь клипний зургаа авахуулахад хагас жилийн хугацаа зарцуулсан. Энэ бол кино зураг авахаас ч урт хугацаа. Маш олон хүний цаг, хөдөлмөр шингэсэн бүтээл болсон.  

-Хамтарч ажиллаж байгаа багаа танилцуулаач?

-“Хаган” гэж студитай хамтарч ажиллаж байна. Энэ студийнхан өмнө хоёр ч кино хийсэн. Найруулагч нь АНУ-д төгссөн мундаг залуу бий. Gee8 Rokit Bay нартай хамтарч кино хийж байсан. Энэ студийн киноны багтай хамтарч байгаа. Тэд бидний кино үйлдвэрлэл, клипийг хийдэг. Хамтарч байгаа уран бүтээлчид маань дандаа залуус. Тэд үнэхээр өөрөөр сэтгэж, бүтээж чадаж байна. Бид багийн системээр ажиллаж байна. Тэгэхгүй бол ганцаарчилсан тоглолтоор яваад амжилтад хүрэхгүй. Бүх юм багаар явах ёстой. Хоёр цомгийн маань төсөл ч тэр, цаашид хийх нөлөөллийн ажлууд маань ч тэр бүгд багийн ажил.

-Нөлөөллийн ажил гэснээс та нийгмийн сайн сайхны төлөө олон ажил хийдэг. НҮБ-ын элч дуучин. Энэ чиглэлийн ажлуудаа үргэлжлүүлэх үү?

-Энэ чиглэлээр төлөвлөсөн ажлууд маш их байна. Сая жишээ нь “Нүдээ нээ” аян өрнөлөө. Бид хүчирхийлэл гэж юу вэ гэдгийг эхлээд судалчихаад ярих ёстой. НҮБ-ын Хүүхдийн сангийнхантайгаа хүчирхийллийн эсрэг ямар нөлөөллийн ажил хийх талаар зөвлөлдсөн.Тэд ирэх долоо хоногт надад энэ талаар хичээл заахаар болсонНҮБ-ын Хүүхдийн сан хүчирхийллийн талаарх бүх судалгааг гаргачихсан байдаг юм билээ. Би тэр бүх мэдээлэлтэй нь танилцана. Ингээд нөлөөллийн аян хийнэ. Хоёр цомгийнхоо нээлтийг ч гэсэн улиг болсон байдлаар хиймээргүй байна. Хүнд өгөөжтэй хэлбэрээр зохион байгуулна.    

-Цомгуудынхаа нээлтийг хэзээ хийхээр төлөвлөсөн бэ?

-Тун удахгүй. Одоо би “Тэнгэр шиг бай” цомгийнхоо ажил руу орох гэж байна. Ирэх он гарангуут цомгуудынхаа нээлтийг хийнэ. Хоёрдугаар сард “Cosmic Ariunaa: ᠎After party” зохион байгуулна. Мөн ирэх оны есдүгээр сард ч юм уу “Хагас зуун жил-Төмөрийн Ариунаа” гэсэн тоглолт хийнэ гэж бодож байгаа.

Т.Ариунаа: Космик цомгоороо би залуу фэнүүдээ “халааж” байгаа

Т.Ариунаа: Космик цомгоороо би залуу фэнүүдээ “халааж” байгаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
6153