Гоо сайхандаа анхаарал тавьдаг бүсгүйчүүддээ зориулан хамгийн үр дүнтэй маскууд, тэднийг бэлтгэх аргуудаас хүргэж байна. Эмэгтэй хүний хөгширч буйг илтгэх зүйлс нь гар болон хүзүүний арьс байдаг учир зөвхөн нүүрээ арчлах бус хүзүүндээ ч мөн анхаарал тавирай. Ингээд эдгээр маскуудаас өөрт тохирохыг бэлтгээд үзээрэй бүсгүйчүүдээ.
Хулууны маск: Нарийн хэрчсэн хулууг усанд хийж, зөөлөн галаар 10 мин буцалгана. Зөөлөрснийх нь дараа авч нухаад, зөгийн бал нэмж сайн хутган, бүлээнээр нь самбайд хавчуулж, нүүрэндээ тавиад алчуураар бүтээн 20 минут орчим байлгана.
Өндөгний маск: Өндөгний шар уургийг салгаж аваад, дээр нь оливийн тос, нимбэгний шүүс бага зэрэг хийж хутгах явцдаа сайн халаана. Нүүрэндээ жигд түрхээд зузаан алчуураар бүтээнэ. Бигнүүрийг аваад нимбэгний шүүстэй усаар булхаж угаана. Энэ бигнүүр нь тослог болон холимог арьстай хүнд илүү тохиромжтой.
Улаан буудайн маск: Улаан буудайн гурилыг бүлээн сүүгээр зуурч нүүрэндээ тавина. Бигнүүрийг 30 минут тавиад зөөлрүүлсэн усаар угаана.
Хуурай сүүний маск: Хуурай сүүг ус эсвэл эмийн ургамлын хандаар зуурч, бүлээнээр нь түрхэнэ. Энэ нь нүүрний арьсыг цэвэрлэж, өнгөлөг болгодог.
Тосны маск: Оливын тосыг бүлээсгээд, хэд давхарласан самбайнд шингээж, нүдээ ил гарган, нүүрэн дээрээ тавина. Дээрээс нь алчуураар бүтээж өгнө. 25 минутын дараа бүлээн усаар угаана.
Зөгийн балны маск: 1 цайны халбага зөгийн балыг 1 өндөгний шар, хэдэн дусал ургамлын тостой холиод, сайтар хутгана. Бигнүүрийг нүүрэндээ түрхээд, 20 минутын дараа бүлээн усаар, дараа нь хүйтэн усаар угаана.
Зуун настын маск: Өндөгний цагааныг зуун настын шүүстэй хольж нүүрэндээ түрхэнэ. Энэ бигнүүр нь арьсыг цайруулах, арьсны нүх агшаах зориулалттай.
Алимны маск: Алимны шүүсийг самбайнд шингээн нүүрэндээ 15-20 минут тавина. Хуурай арьстай бол эхлээд тэжээлийн тос түрхэх хэрэгтэй. Мөн цөцгийтэй хольж, нүүр хүзүүндээ тавьж болдог. Дараа нь бүлээн усаар угаана.
Өргөст хэмхийн маск: Өргөст хэмхийг үрүүлд үрээд, өндөгний цагаантай хольж, нүүрэндээ түрхэнэ. Мөн нимгэн хэрчиж тавьж болно. Энэ нь хөгшрөлт явагдаж буй арьсанд илүү нөлөөтэй бөгөөд, арьсыг түргэн хугацаанд чийгшүүлж, цайруулдаг.
Улаан лоолийн маск: Нэг цайны халбага улаан лоолийн шүүсийг хоёр хоолны халбага гурилтай хольж, нүүрэндээ түрхэнэ. Дээрээс нь алчуураар бүтээж, 15-20 минут орчим байлгаад, бүлээн усаар угаана. Энэ нь хэвийн арьсанд илүү тохиромжтой бөгөөд, хуурай арьсанд сүү, наранцэцгийн тос нэмж найруулж болно.
Байцааны маск: Байцааны навчны шүүсийг тараг, хоормогтой тэнцүү хэмжээгээр хольж, нүүрэндээ 15-20 минут тавина. Байцааны шүүс нь нүүрний толбо, сэвхийг сайн арилгадаг.
Төмсний маск: Чанасан төмсийг халуунаар нь нухаад, сүүгээр зуурч, хэд давхарласан самбайн завсар хийж, нүүрэн дээрээ тавина. 20 минутын дараа нүүрээ бүлээн усаар угаана.