Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.12.15 Пүрэв гараг/ үдээс өмнөх хуралдаан 10 цаг 58 минутад гишүүдийн 55 хувийн ирцтэй эхэлж, хурал даргалагч Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж хэлэлцэх асуудлыг танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Ж.Батзандан, О.Баасанхүү нар хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва хэсгээс Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд Засгийн газраас томилогдслн Ажлын хэсэг танилцуулсан. Мөн Хууль зүйн байнгын хороо Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар Засгийн газраас авсан арга хэмжээний тухай болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлтийг сонссон. Байнгын хороодоос эдгээр асуудлуудтай холбоотой тодорхой шийдвэр гараагүй. Түүнчлэн улс орны эдийн засгийн нөхцөл байдал, томоохон төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг ерөнхий дүр зургаар нь бүхэлд нь шинжилж, иж бүрнээр нь ярилцах зорилгоор чуулганы хаалттай хуралдаан хийх саналыг гаргав. Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж уг саналыг дэмжиж буйгаа илэрхийлэн, чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх таван асуудлыг баталлаа.

Нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2016 оны есдүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулав.

Тус байнгын хороо 2016 оны 12 дугаар сарын 06, 13-ны өдрүүдийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төсөлтэй холбогдуулан Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Б.Саранчимэг нараас гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцжээ.

Тухайлбал, төсөлд “гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг” гэсэн нэр томьёоны тодорхойлолт шинээр нэмж, хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхгүйг гэр бүлийн хүчирхийлэл гэж өөрчлөн тодорхойлж, хохирогч хүүхэд гэсэн нэр томьёог гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд гэж өөрчлөх саналыг хэлэлцжээ. Түүнчлэн

-хохирогч гомдлоосоо татгалзсан, эсхүл хүчирхийлэл үйлдэгчтэй эвлэрсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг зогсоох үндэслэл болохгүй гэсэн нь энэ хуулийн зохицуулах хүрээнд хамаарахгүй тус хасах,

-гэр бүлийн хүчирхийллийн талаарх статистик мэдээлэл, тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээлэл солилцох журмыг холбогдох яамд тус тусдаа батлахаар байсныг өөрчилж Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах,

-Хүн амын тоо, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг харгалзан орон нутгийн төсвийн хөрөнгөөр нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр байгуулах асуудлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэх,

-гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас хорих ял шийтгүүлсэн этгээдэд шүүхийн гийдвэр гүйцэтгэх байгууллага, баривчлах, албадан сургалтад хамруулах шийтгэл хүлээсэн этгээдэд шүүхийн гийдвэр гүйцэтгэх, цагдаагийн байгууллага зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг тус тус зохион байгуулахаар өөрчилсөн байна.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ нэр томьёо, найруулгыг гүйцээн боловсруулах, мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Согтуулах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлэсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Сарангэрэл, Д.Тэрбишдагва, А.Сүхбат, Б.Саранчимэг, Б.Ундармаа нар Ажлын хэсгээс асуулт асууж тодруулсны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 103 саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулснаар чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа .

Эх сурвалж: Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
64