“СТЭНД БАЙ” ХӨТӨЛБӨРТ БЭЛТГЭЖ, МОНГОЛБАНК МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГЭЭ НЭМЛЭЭ

Олон Улсын Валютын Сангийнхан өнгөрөгч долоо хоногт Сангийн яаманд ажиллаж, ерөнхий сайдад халуун баяр хүргэж буцлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад ОУВС-гийнхан эдийн засгийн байдлаа ил тод зарласанд нь  талархал дэвшүүлж, зоригтой алхмуудаа зөв шийдлээр үргэжлүүлэхийг зөвлөжээ. Засгийн газраас  зорилтот байдлаар тараасан эл мэдээллээс харахад намраас Монгол Улсад “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжих нь тодорхой байгаа юм.

Нэгэнт эрх баригч намын Засгийн газар нийгмийн халамжуудыг тодорхой хүрээнд танахаа мэдэгдэж, төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30-60 хувиар буулгах шийдвэр гаргасан. Ингэснээр ойрын хоёр жилдээ төрийн албаныхан цалин нэмүүлэх талаар мөрөөдөлтгүй болов. Эсрэгээрээ энгийн албан хаагчдын цалинг битгий бууруулаасай гэж залбирах үлдээд байгаа юм. Үүн дээр нэмэгдээд Монголбанк мөнгөний бодлогоо огцом байдлаар 4.5 хувиар өсгөж, 15 хувь болголоо.

Засгийн газар, Монголбанкны эдгээр шийдвэрүүдийг намраас “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн “зорилтот ажиллагаа” гэж хардах үндэслэлтэй. Нэгэнт МАН-ын мөрийн хөтөлбөрийн том зорилтуудыг эхний хоёр жилд хэрэгжүүлэхгүйн тулд бүсээ чангалах замаар  одооноос  “Стэнд бай”-д дасан зохицох ажлуудаа эхлүүлсэн байж болох.

Дэлхий аль ч улс мөнгөний бодлогоо огцом байдлаар өсгөлгүй, алгуурхан өгсүүлдэг. Гэтэл манайд энэ байдал эсрэгээрээ явагдаж, арилжааны хэдхэн банкуудын эрх ашгийн дор дотоодын үйлдэрлэгчид, хувийн хэвшлүүдээ тавьж өглөө гэх шүүмжлэл явж буй. Энэ нь ч аргагүй юм. Төрийн албан хаагчдын цалинг хасах замаар жилдээ 8 тэрбум төгрөг хэмнэж байна гэж зарласан. Тэгсэн мөртлөө арилжааны банкуудад Монголбанк жилдээ хамгийн багаар бодоход 50-70 тэрбум төгрөг хүүгийн төлбөрт өгөхөөр байна.

Мөнгөний бодлогын хүү нэмэгдсэнээр хувийн хэвшлүүдэд яагаад хүнд тусах уу гэхээр тэдэнд чиглэсэн зээлийн хүү  нэмэгдэж, зээлийн шугам эрс хумигдах учраас. Нэгэнт арилжааны банкууд төв банкинд мөнгөө 15 хувийн хүүтэйгээр зээлж, тэндээсээ хүүгийн орлогоо халааслаад явчих тул  бусад төрлийн зээл хүссэн ч хүсээгүй хумигдаж эхэлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд тулсан өндөр хүүтэй л биш бол  хувийн хэвшлийнхэнд мөнгө зээлэх  сонирхолгүй болно.

Өнөөдөр ажиллах хүчний эрэлтийн гол баганыг хувийн хэвшлийнхэн нуруундаа үүрч байна. Нийслэлд л гэхэд улсын ажиллах хүчний 50 гаруй хувь нь байна. Үүний 90-ээд хувийг жижиг ААН-үүд эзэлдэг. Засгийн газраас аль болох иргэдээ ажилтай байлгахыг зорино гэсэн мөртлөө бодит байдал дээр  ажлын талбар руу ингэж нулимав. Жилийн 30 хувийн зээлийн хүүнд хувийн хэвшлийнхэн балбуулан  байж, хүний нөөцөө ихэсгэнэ гэвэл түүн шиг үлгэр байхгүй.

Одоо эдийн засгийн хүндрэлээс үүдэн дотоодын үйлдвэрлэгчид арайхийж хөл дээрээ зогсож буй. Мөнгөний бодлогын хүү нэмэгдсэнээр үйлдэврлэгчид ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй, хаалгаа барихад хүрэх нөхцөл байдал үүсэх нь. Яарч сандарсан үедээ зээл авч, асуудлаа шийддэг арилжааны банкууд тэдний хувьд хаалттай хаалга нь боллоо.

Гэтэл нөгөө талд гаднаас импортын бараа оруулдаг, хэрэглээ нь өндөр зэрэглэл бүхий хүмүүс мөнгөний бодлогын хүү нэмэгдэж буй нь ашигтай тусаж байх жишээтэй. Зах зээл рүү өндөр хэрэглээтэй хэсэгт өгөөжтэй шийдвэр хэрэгжиж, бага хэрэглээтэй хэсэг, дотоодын зах зээлд хүнд тусна гэдгийг Монголбанк мэдэхийн цаагуур мэдэж байсан. Ингэж компаниудын зах зээлд эргэлдэж буй хэсэгхэн мөнгө төв банк руу татагдах нь .

Эдийн засаг нь дампуурч буй, дампуурлын ирмэгт очсон “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахын тулд Засгийн газар, Монгол банк ард түмнийхээ ажлын байр, хувийн хэвшлээ шалан дээр хаялаа. Сангийн яам, Монгол банкны эрх хязгаарлагдмал орчинд “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжиж  байх зуур арилжааны банкуудын хэтэвч эрсдэлгүй зээлээр цүдийх тооцооллыг тэд бодож олж. Энэ бүхний хохирогч нь энгийн ард иргэд,   арайхийж хөл дээрээ тэнцэн гүйж яваа  дотоодын үйлдвэрлэгчид боллоо.

Улс орноо  аврах нэрдийлээр хийгдэж буй энэ бодлого шийдвэрүүд  эргэж хумигдахдаа хэдхэн хүний халаас руу их хэмжээний мөнгө чихэж, нийтийг зүдрүүлэх өндөр эрсдэлтэй. Уг нь эрх баригч нам төсвийнхөө таналтыг өөрсдөө бие даан зөв хийж, дэд сайд мэтийн албан тушаалын тэвчиж болох зардлуудаа хэмнэх зэргээр өөр гарц  хайж болох байв. Тэмээ гэхээр ямаа гэдэг  зөрүүд зангаар  ард түмнээ ингэж тонгорч байгаа  эрх баригч намын удирдлагууд хоёр жилийн дараа энэ бүхэндээ ямар тайлбар хэлээд сууж байхыг өнөөдөр тааварлахад бэрх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
646