Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс нэмэгджээ

Улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн 2016 оны 11 дүгээр сард огцом нэмэгдэж, сүүлийн хагас жилийн дээд хэмжээндээ хүрсэн байна. Алт тушаалтыг өсгөх бодлогын зохицуулалт хэрэгжиж байгаа нь валютын нөөц өсөх үндсэн нөхцөл болсон гэж Төв банк тайлбарлаж байгаа юм. Гадаадаас  орж ирэх валютын урсгал буурсан үед Төв банк алт тушаалтыг өсгөх бодлого хэрэгжүүлж байгаа нь үр дүнгээ өгч байна гэж болохоор байна. Төв банк 11 дүгээр сарын эцэст 1.3 тэрбум ам.долларын гадаад валютын албан нөөцтэй байжээ. Энэ нь хэдийгээр оны эхнээс 1.45 хувиар, жилийн өмнөхөөс 10.61 хувиар бага үзүүлэлт боловч нэг сарын хугацаанд 25.54 хувиар огцом өссөн дүн болжээ.

Гаднаас орж ирэх валютын урсгал буурсантай холбоотой дотоод зах зээлд үүсээд байгаа савлагааг тогтворжуулах гол гарц нь алт тушаалтыг нэмэгдүүлэх явдал гэж Төв банк тодорхойлж байна.Монголбанканд иргэд, аж ахуйн нэгжийн тушаах алтны хэмжээг нэмэгдүүлэхээр 2014 онд ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, таван хувь байсан алтны нөөц ашигласны төлбөрийг 2019 он хүртэл 2.5 хувь болгон бууруулсан юм. Ингэснээр сүүлийн жилүүдэд алт тушаалт огцом нэмэгдсээр өнгөрсөн жилийн эхний 11 сарын байдлаар 17.6 тонн болсон нь түүхэн дээд үзүүлэлт болжээ.

Үүнийг үнэлгээгээр нь тооцвол 650 сая орчим ам.доллар буюу гадаад валютын албан нөөцийн 60 гаруй хувьтай тэнцэж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын дүн буурсаар 2016 оны 11 дүгээр сард 18.6 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гадагшлах урсгал бүртгэгдсэнийг төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлээс харж болохоор байгаа юм.

Үүнээс гадна Хөгжлийн банкны бондын 580 сая ам.долларын евро бондын төлбөр гуравдугаар сарын 21-нд хийгдэх ёстой бөгөөд одоогоор дээрх төлбөрийг барагдуулах чиглэлээр Хөгжлийн банк болон бусад холбогдох байгууллагууд ажиллаж байгаа аж. Харин хэрхэн яаж төлөхөөр төлөвлөж байгаа талаар мэдээлэл хомс байна. Төв банкны хувьд энэхүү төлбөр хийгдэхтэй холбоотой валютын гадагшлах урсгалаас үүсэж болох сөрөг нөлөөнөөс сэргийлэх үүднээс алт тушаалтыг дахин нэмэгдүүлэх, валютын хангалттай нөөц бүрдүүлэхээр дотоодын зах зээлээс худалдан авах алтаа Лондоны металлын биржид хамгийн сүүлд зарлагдсан ханшаар худалдаж авч байх зохицуулалтыг 12 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн юм. Өмнө нь зах зээлийн ханшаас цэвэршүүлэлт болон захиргааны зардалд хоёр ам.доллар хасаж тооцдог байжээ.

 

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
665