Цас будран хаялж, өвөл цагийн өнгө төрх зүрх сэтгэлийг хөглөн, хайр дурлалын аялгуу бидний зүрхэнд эгшиглэнэ. Хүний зүрх сэтгэл энэ л аялгуунд хөглөгдөх мэт, гэгээн ариун хайрын үнэ цэнийг бидний сэтгэлд эргэн нэг сануулах шинэхэн уран бүтээл төрсөн сургаар энэхүү уран бүтээлийн эзэнтэй уулзаж ярилцахаар зорин очсон юм. Зохиолч Ц. Гэгээнхүсэлтэй “You complete me” нэртэй гэгээн хайрын сэдэвтэй сонсдог номын талаар болон түүний уран бүтээлийн талаар ярилцлаа.
-Тун удахгүй 2017 оны 11 дүгээр сарын 25-нд нээлтээ хийх “You complete me” хайрын тухай өгүүлсэн сонсдог номныхоо тухай манай уншигчидтай хуваалцаач?
Аливаа нэг уран бүтээл төрөх нь ямар нэг зорилго, дотоод хүсэл эрмэлзлэлээс хамаардаг гэж би боддог юм. Өнөөдөр бид зүрх сэтгэлээсээ хичнээн хол хөндий одсон тухай, зүрхэн дэх эмзэглэлээ мэдрэхэд, үнэн бүхнээс аажимаар холдон буйгаа олж анзаарсан юм. Хүн гэдэг зүрх сэтгэлийнхээ дотоод хүчээр оршин байгаа хэдий ч гадаад хүчин зүйлсийн тухай хэтэрхий их бодож, анхаарал хандуулж байна уу гэж олж хардаг юм. Хайр бол мөнхийн үнэ цэнийг бидэнд өгдөг ч заримдаа бид өөрсдөө ч анзааралгүйгээр зүгээр л түүнийг түр мартчихдаг ч байж мэдэх юм. Мартсан гэж хэлэхийн оронд орхиж гээсэн өнгөрсөн цаг хугацаанд өнөөдөр бид оршиж байгаа ч байж болно. Гэвч хайр дурлалд цаг хугацаа, орон зай огтоос хамааралгүй. Бид хайрынхаа үнэ цэнийг мартаж орхигдуулснаас, зүрх сэтгэлийн эмзэг зөөлөн чанар улам бүр бүдгэрч, бид хүнлэг бус сэтгэхүйг ч бие биенээсээ өдөр бүр олж харах болсоор байна. Хайр дурлалын үнэ цэн бүдгэрсний хамгийн харамсалтай нөлөөлөл нь гэр бүлийн бат бэх холбоо алдрах, гэр бүл салалт үүсэх цаад сэтгэлзүйн мөн чанарыг бий болгоход оршиж байна гэж бодох болсон. Бүх зүйлд учир шалтгаан гэж байдаг. Салалтын цаад мөн чанар нь зүрх сэтгэлийн асуудалд л оршиж байна. Гэр бүлийн салалтаас үүдсэн олон сөрөг асуудлуудыг тоочоод байвал олон хэдий ч, нэн тэргүүнд анхаарал хандуулах асуудал нь хүүхдийн сэтгэлзүйн асуудал юм байна гэж би олж харсан. Элэг бүтэн амьдрал хайран дээр л тогтдог. Тийм ч учраас хайрыг дахин нэг сануулахыг л зорьсон юм. Тэр мэдрэмжийг яг одоо хэн нэгэнд мэдрүүлэхийг л хүссэн. Бидний мэдрэмжийн түвшинд хүлээж авсан зүйл зүрх сэтгэлд тод мөрөө үлдээдэг. Зүрхний бичлэг шиг л. Тиймээс мэдрэмжээр нь дамжуулж хайрлах мэдрэмжийг өгөхийг зорьсон. Романтик харилцаа гэдэг ганц цэцэг, бэлэг өгөх хэрэг биш юм. Тэнд зүрх сэтгэлийн мэдрэмжинд хөг аялгуу эгшиглэж байх хэрэгтэй. Тийм нөхцөлд бид дотоод зүрх сэтгэлээ анзаарч эхэлдэг юм болов уу гэж боддог юм. Тийм ч учраас энэхүү бүтээлээ хийхээр шийдсэн юм. Гэр бүл бол хайран дээр л оршин тогтнодог. Өөр бусдыг түр орхиод тэр үнэн эхлэлийг нь сануулахыг л зорьсон юм. Хайрын мэдрэмжийг сануулахыг хүссэн. Сонсдог ном маань хоёр хосын амьдралын тухай өгүүлдэг. Бодрол хөврөн, хайр эгшиглэж энэ сонсдог ном маань бүтсэн юм. Эндээс та зөвхөн хайрыг л олж анзаарна. Өөр ямар ч зүйл энд хэрэггүй. Бид бүхний дараа, эцсийн удаа гэхэд хайрын тухай л бодох болов уу гэж би боддог юм. Хэтэрхий их оройтхоосоо өмнө энэ бүхнийг олж анзаараад хайр дурлалаа ганцаардалд бүү үлдээгээч гэж хэлмээр санагдсан. Нийгэм маань ямар хар бараан өнгөөр будагдаж байгааг олж анзаарах хэдий ч бидний зүрхэнд гэрэл гэгээ байдгийг хэзээ ч мартаж болохгүйг өдөр бүхэн сануулахыг хүссэн. Тэр гэрэл гэгээ таны дэргэд л байна. Олж анзаараад сэтгэлийн гэрлээ бүү унтраагаарай гэж хэлмээр санагддаг.
-“Хайртдаа зүрх сэтгэлээ бэлэглэе” гэж уриалсан нь ямар учиртай вэ?
-Энгийнээр л бодоод үзье. Хайртай хүн гэж ямар хүнийг хэлэх вэ. Таны хайраа өгсөн хүнийг хэлнэ биз дээ. Хайраа өгсөн хүн, хайраа зориулсан хүн гэж хэлэхэд илүү ойлгомжтой болж байна. Бид тэгэхээр хайртай хүндээ юу өгөхөд тэд баярлах вэ. Хайраа л үргэлж өгсөөр байхыг л хүснэ тийм биз. Ийм л энгийн зүйлийг бид орхигдуулдаг. Анхны зорилгоо мартдаг гэх үү дээ. Анх дурлахад дурлалт хосуудад хайр л бүх ертөнц нь болж бие биендээ ухаангүй тэмүүлэн татагддаг. Цаг хугацаа улиран одоход хайраараа нэгдэн нийлснээ их амархан мартагнадаг ч байж мэдэх юм. Хичнээн үнэтэй бэлэг, материаллаг зүйлс байгаад хүний зүрх сэтгэлийн хамгийн гүн дэх утсыг хөндөж чадна гэдэгт би итгэдэггүй. Өнгөн чанартаа баярлах мэдрэмж төрөх ч үнэн чанартаа хүний дотоод сэтгэл мөнөөх л хайрыг л хүссээр байдаг. Хайр гэдэг эхэлж байхдаа л халуунаар оргилж, эцэстээ асгарч дуусдаг дарс биш юм. Үүнийг л сануулахыг хүссэн.
-Цомгийн загварыг харж байхад их шинэлэг, өвөрмөц чамин юм байна. Сая бол та агуулга талаас нь ярилаа. Хэлбэр дизайны хувьд яагаад ийм шийдэл сонгосон бэ?
-Энэ бүтээлийг хийх болсон бас нэг шалтгаан нь миний хүндэлж явдаг эрхэм эгч зураач МУСТА Г. Наранцацралт эгчтэй салшгүй холбоотой. ХБНГУ-д ажиллаж амьдран, уран бүтээлээ туурвидаг миний хүндэлж хайрлаж явдаг уран бүтээлч юм. Г. Наранцацралт эгчийн маань “You complete me” нэртэй урлагийн гайхалтай бүтээлээр сонсдог номныхоо өнгө дизайныг тодорхойлсон. Энэхүү бүтээлд зураач Г. Наранцацралт эгчийн маань бүтээлүүд өнгө төрх нэмэн, хайр дурлалын мэдрэмжийг илүү бодит болгож тодотгож өгсөн гэж хэлж болно. Залуу уран бүтээлч хүний хувьд энэ гайхамшигтай, хүндэлж явдаг уран бүтээлч эгчтэйгээ хамтарч ажилласандаа үнэхээр баяртай байгаа. Хүсэл мөрөөдлөө орхиогүйнхээ төлөө хүндэлж явдаг эрхэм хүнтэйгээ хамтарч ажиллах гэгээн өдрүүд ирдгийг мэдэрлээ. Миний уран бүтээлийг шимтэн уншиж, миний зүрх сэтгэлийг ойлгож таньж, залуу уран бүтээлч намайг хөглөн, бүтээл хийх урам зоригийг өгсөн эрхэм эгчдээ чин сэтгэлийн талархлаа өнөөдөр танай сайтаар дамжуулан илэрхийлэхийг хүсч байна. Залуу хүн үргэлж шинийг эрэлхийлж, бас цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах хэрэгтэй гэж боддог юм. Тийм ч учраас би бүтээлүүддээ уран бүтээлч өнгө аяс, мэдрэмжийг шингээхийг үргэлж зорьж ажилладаг юм. Тиймээс ч уран бүтээлийнхээ гадаад өнгө төрхийг, дотоод агуулгатайгаа зохицсон байлгахыг хичээж анхаарч ажилладаг. Сд-нийхээ гадна талын хайрцгийг модоор хийлгэсэн нь энэ хайр дурлалын нарийн гүн гүнзгий мэдрэмжийг гаднаас нь ч дотроос нь ч илэрхийлэхийг зорьсон юм. Ингэж байж л уран бүтээл бүрэн дүүрэн болох болов уу гэж боддог юм. Хайрцагны дээр байрлах зүрх хоёр тийшээ онгойж хос түлхүүрний оосор болдог юм. Сонсдог номоо худалдаж аваад зориулж авсан хайртай хүнийхээ нэрийг ирж бичүүлж болно. Ингэснээрээ зөвхөн хайртдаа зориулсан цорын бэлгийг, сэтгэл зүрхээ бэлэглэж болох боломжийг танд бүрдүүлж өгч байгаа юм. Энэхүү санаачлагыг гаргаж миний уран бүтээлүүдийн дизайн өнгө төрхийг тодорхойлж, эх бэлтгэлээс эхлэн бүх л ажлыг гардан хийж, үргэлж намайг дэмждэг эрхэм найз Жем дизайн ХХК –ы захирал Х. Сансар-Эрдэнэдээ баярлалаа гэдгээ бас энэ дашрамд хэлэхийг хүсч байна. Жем дизайн ХХК нь модон хийцээр олон төрлийн загвар дизайн гарган төрөл бүрийн гацуурын чимэглэл, тэмдэглэлийн дэвтэр, сувинер гоёл чимэглэлийн зүйлс хийж байгаа нь эко, байгальдаа ойр мэдрэмжийг бидэнд төрүүлж шинэлэг хэв маягаар бүтээлээ хийх боломжийг уран бүтээлч бидэнд олгож байгаа нь миний хувьд их сайхан санагддаг. Монголын маань олон залуус салбар салбартаа хичээл зүтгэл, тэмүүллээрээ баялгийг бүтээж байгаа нь бас нэгэн бахархал урам зоргийг минь төрүүлдэг.
-Одоо анхны уран бүтээлийн чинь талаар ярилцая гэж бодлоо.Энэ ном, яруу найргийн цомгийг тань хараад өөрийн эрхгүй сонирхол төрж билээ. “Үнэхээр шинэлэг, загвар хэв маягт автаагүй, үнэн үгс л ийм сэтгэгдэл төрүүлсэн хэрэг” хэмээн зохиолч яруу найрагч Г. Аюурзана таныг үнэлсэн. Яруу найрагч Ц.Гэгээнхүсэл тийм л задгай, танхай бичдэг зохиолч байх нь ээ?
-Зүрх сэтгэлээсээ урсан гарч байгаа мэдрэмжийг л цаасан дээр буулгасан хэрэг. Яруу найраг эсэхийг ч би мэдэхгүй. Зүрх сэтгэлийн дотоодод ганц үнэн л оршдог. Би энэ ахуйгаас түр холдоод, тэр үнэнрүү өнгийгөөд, тэнд тухлаад, ямар мэдрэмж төрж байгааг олж сонсоод тэрийгээ энэ ертөнцөд ирээд бичдэг юм. Үнэн бүхэн хүний зүрхэнд хүрдэг. Тийм л учраас миний шүлгүүдийг уншиж, сд сонссон хүнд хүрдэг ч байж болох юм. Өөр ертөнцийн тухайд гэвэл бид дотор сэтгэлээ өнгийж хардаггүйгээс үүдэлтэй. Бид бүгд тэнд хүрч болно. Энэ номонд орсон шүлгүүдэд нэр өгөөгүй. Хамгийн эхний шүлгийг “Гэгээ-Эрэл” гэж нэрлээд хамгийн сүүлчийн шүлгээ “Гэгээ-Эрэл Би” гэж нэрэлсэн. Учир нь бид тэр зүйлийг хайгаад цөхөрч, эцэстээ буцаж ирдэг нь өөрийн дотоод үнэн юм. Бусад шүлгэндээ нэр өгөөгүй нь бүхний учир шалтгааныг ганцхан өөрийнхөөрөө үнэлээд тэрийгээ хэн нэгэнд хүчээр тулгахыг хүсээгүй юм. Би салхийг бороо гэж хэлэхийг хүссэн бол миний л бороо салхи биш гэдгийг олж мэдсэнд оршино. Миний бороонд норохгүй, харин салхинд хэн нэгэн миний дэргэдүүр зөрөн одно. Нэг иймэрхүү гэх үү дээ. Учир шалтгааныг бодож олоход олон хаалга нээгддэг.