Хянадаггүй хянагч

- Урсгал зардалгүйн улмаас зарим камер ажиллахгүй байна –

Хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэлд хулгай, дээрэм, танхайн гэмт хэрэг гарахгүй өдөр гэж үгүй. Цаашлаад хүчирхийлэл, хүн амины хэргийг халуун мөрөөр нь илрүүлэхэд цагдаагийн байгууллагад хяналтын камер “тусалдаг”. Улаанбаатар хотын хэмжээнд хэв журмын хяналтын 1500 камер бий. Гэвч тэдгээрийн 300 орчим нь ажиллахгүй байна. Байсхийгээд л камер нь гацдаг, эвдэрдэг асуудал гарсаар байгаа юм. Одоогийн байдлаар нийслэлийн Хан-Уул дүүргээс бусад Баянгол, Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан болон алслагдсан гурван дүүрэгт хяналтын камер байршуулжээ.

Улсын төсвөөс болон иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгөөр чамлахааргүй олон камер суурилуулж буй ч тооноос илүү чанар, хэвийн, байнгын үйл ажиллагаанд нь анхаарах хэрэгтэй болжээ. Эд зүйлсээ дээрэмдүүлсэн, хулгайд алдсан нэгэн цагдаагийн байгууллагад хандан, тухайн газрын хяналтын камерыг шүүлгэхэд өнөөх нь ажиллахгүй байсан тохиолдол цөөнгүй. Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсийн харьяанд хяналтын 44 камер байгаагаас дөнгөж зургаа нь ажиллаж буй. Учир нь 2017 онд камерын хяналтын төвийн ашиглалт, засвар үйлчилгээний урсгал зардлыг нийслэл, дүүргээс нь шийдвэрлээгүйн улмаас тэр. Тодруулбал, шилэн кабелийн ашиглалтын төлбөрийг нь төлөх эзэн олдоогүйгээс үйл ажиллагаа нь зогссон аж. Камерыг сар юм уу, улиралд нэг удаа цэвэрлэж, бүрэн бүтэн байдлыг нь хянах ёстой ч энэ бүхэнд зарцуулах хөрөнгө алга.

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн мэдэлд 32 камер байршуулсан гэнэ. Эдгээр камерын 10 нь ажилладаггүй юм байна. “Миротек” гэх компани тендерт шалгаран, Сонгинохайрхан дүүргийн 32 хороог камержуулах, үйл ажиллагааных нь хэвийн байдлыг хангаж, засвар үйлчилгээг нь хариуцдаг аж. Камер суурилуулах ажил тус дүүрэгт 2014 оноос эхэлсэн ч газар, байршил, цэгээ тодорхойлох, төсөв мөнгө гэсээр энэ оны нэгдүгээр сараас л үйл ажиллагаа нь жигдэрчээ. Хяналтын камер нь нэг цэг рүү харах, 360 градус эргэх, автомашины дугаар илрүүлэх чадалтай ч чанар, стандартын хувьд төдийлөн сайн биш, тухайн компанийн ажлын гүйцэтгэл ч хангалттай бус байгаа гэх. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн мэдэлд 149 камер бий. Цахилгааны хэлбэлзлээс болоод камерын үйл ажиллагаа доголдох, гэмтэх нь цөөнгүй гэнэ. Камер суурилуулсан компанид нь мэдэгдэхээр мэргэжилтэн нь 3-8 хонож байж ирдэг сурагтай.

Уг нь камерын бичлэгийг нэг сар хадгалах ёстой ч 14 хоноод л устгадаг аж. Тус дүүргийн VI хорооны СӨХ-ны даргыг дээрэмдсэн этгээд Баянгол дүүрэгт дахин тийм хэрэг үйлдсэнийг телекамерын тусламжтайгаар илрүүлжээ. Энэ мэтээр гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд камерын үүрэг их. Энэ оны долдугаар сарын 1-нээс Эрүүгийн, Зөрчлийн хууль шинээр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хэчнээн гэмт хэрэг, зөрчлийг камераар илрүүлсэн талаар харьцуулсан мэдээлэл гаргахад хүндрэлтэй байгаа аж.

Учир нь Эрүүгийн хуулиар зүйлчлэгдэж байсан гэмт хэрэг нь зөрчил, зөрчил нь гэмт хэрэгт тооцогдох болсноор өнгөрсөн онтой харьцуулсан тоо гаргах боломжгүйг нийслэлийн Цагдаагийн газраас хэлсэн. Чингэлтэй дүүргийн Засаг даргаас камерын урсгал зардлыг хэрхэн шийдвэрлэж буйг тодруулах гэсэн боловч удирдлага нь бүгд хуралтай байж таарсан юм. Харин тус дүүргийн Мэдээлэл технологи, олон нийттэй харилцах албаны дарга “Одоогийн байдлаар нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 405 камер суурилуулсан.

Камерын ашиглалт, үйлчилгээг хэвийн байлгахад дүүргээс шинэ менежмент нэвтрүүлээд байгаа. 2017 оны дүүргийн хурлаар гэрэлтүүлэг, камержуулалтын зардалд 50 орчим сая төгрөг баталсан байх. Дүүргийн хурал арванхоёрдугаар сарын 4-нд хуралдана. Тэр үеэр 2018 онд камер, гэрэлтүүлэгт зарцуулах зардал тодорхой болох учиртай. Бүтэн сарын турш камераа асаасан байх ёстой гэсэн шаардлагыг тухайн ашиглалт хариуцсан компанид тавьж байгаа” гэв.

Шилэн кабелийн утас тасрах, цахилгаангүй болсноос гэмтсэн зэрэгт засвар үйлчилгээ хариуцсан компанийн мэргэжилтнүүд нь шуурхай засдаггүй, хугацаа алдаж буй гэх мэдээллийг нийслэлийн Цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Амармөрөнгөөс тодруулахад, “Техник хэрэгсэл эвдэрч гэмтэнэ. Үйл ажиллагаа нь доголдсон 300 орчим камерыг засуулах гээд хөөцөлдөж байна. Өнгөрсөн онд нийслэлийн төсвийн 75 сая төгрөгөөр Энхтайваны өргөн чөлөөний төв зам дагуу байрлалтай камеруудыг засуулсан. Камер эвдэрсэн тохиолдолд харьяа дүүргийнх нь төсвөөр засах үүргийг Засаг дарга нарт өгсөн гэсэн.

Анх камер суурилуулахдаа СӨХ болон хувийн аж ахуйн нэгжээс цахилгааны шугам татсан байдаг юм билээ. Анхнаасаа дэд бүтэц, цахилгаан, гэрэлтүүлгээ хамтад нь шийдэх ёстой байв. Камерын засвар үйлчилгээний жилийн зардалд их хэмжээний хөрөнгө зарцуулдаг. Тендерт шалгарсан компаниуд суурилуулсан камерныхаа засвар үйлчилгээний зардлыг 2-3 жилийн хугацаанд хариуцдаг юм. Баталгаат хугацаа нь дуусахаар засварын мөнгийг яах вэ гэдэг асуудал үүсэж байна. Угтаа харьяа дүүргүүд нь урсгал засварын зардлыг жилийн төсөвтөө тусгаад явах ёстой. Цагдаагийн байгууллага хаана, хэдэн камер эвдэрснийг харьяа дүүргийн Засаг даргад нь мэдэгдэж, засуулах хүсэлт тавьдаг юм.

Гэвч төсөв мөнгөгүй гэсэн шалтгаанаар зарим дүүргийн цөөнгүй камер ажиллахгүй байгаа. Энэ онд засвар үйлчилгээнд төсөв батлаагүй. Тиймээс өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард өгсөн мөнгөөр энэ оны эхний хоёр сард эвдэрсэн камерыг зассан” гэв. Мөн тэрбээр машинтай болон явган эргүүлийн хүн хүчийг хуваарилахад камер их тустайгаас гадна баар, цэнгээний газруудын ажиллах цаг, алба хаагчдаа ажлаа хийж яваа, эсэхийг хянадаг тухай ч ярив. Энэ онд камерын бичлэгээр 260 гаруй гэмт хэрэг, 1400 орчим зөрчил илрүүлжээ.

Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1 хүртэл 60 сая төгрөгийн шагналын сантай камержуулалт болзолт уралдаан зарласан. Үүний хүчинд нийслэлчүүдийг хянах “нүд” нэмэгдсэн билээ. Үнэтэй машин авчихаад шатахуун хийхгүй, арчилж тордохгүй бол ашиггүй шиг камер тавьчихаад урсгал зардлыг цаг тухайд нь шийдэж, эвдэрч гацсан тохиолдолд суурилуулсан компаниуд нь шуурхай ажиллахгүй бол нийслэл 1500 камертай гэх сайхан нэр зүүхийн хэрэг юу билээ. Гэтэл үүн дээр нэмээд нийслэлд 3000 гаруй камер шинээр тавихаар цэгийг нь тодорхойлжээ.

БНХАУ-ын тусламжаар хөрөнгийг нь шийдэх аж. Тэдгээр нь иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд ашиг тустай ч ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг нь хэн хариуцах вэ. Үүгээр ч зогсохгүй камерын үйл ажиллагаа, хяналтыг сайжруулах зорилгоор нийслэлийн ИТХ-аар “Телекамер” дэд хөтөлбөр боловсруулж, батлуулснаар Улаанбаатар 2020 он гэхэд 6000 камертай болох гэнэ. Нэг камер ойролцоогоор 2.5-5 сая төгрөгийн өртөгтэй. Ийм хэмжээний хөрөнгө зарцуулан суурилуулсан камерын хэвийг ажиллагааг хангах, хариуцах эзэнтэй болгохгүй бол хянадаггүй хянагч хэнд ч хэрэггүй болох вий.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
6803