Мэргэжлийн сүмогийн кюүшюү башё Японы Фүкүока хотноо болж өнөөдөр өндөрлөлөө. Их аварга Хакухо М.Даваажаргал кюүшюү башёд одтой сайхан барилдаж тэмцээн дуусахаас нэг өдрийн өмнө буюу өчигдөр түрүүлэх болзлоо хангасан юм. Ингэснээр тэрээр өнөөдөр Японы эзэн хааны цомыг 40 дэх удаагаа гардлаа.
Кюүшюү башёгийн 13 дахь өдрийн барилдааны дараахь байдлаар их аварга Хакүхо М.Даваажаргал 12 даваа, нэг унаатай, түүний араас маэгашира Хокүтофүжи, Окиноми нар 11 даваа, хоёр унаатайгаар нэхэж байсан юм. Харин бямба гаригт болсон 14 дэх өдрийн барилдаанд Хокүтофүжи, Окиноми нар учраадаа өвдөг шороодож, их аварга Хакүхо Эндог давснаар түрүүлэх болзлоо хангажээ. Ийнхүү тэрээр 40 удаа түрүүлж Японы сүмогийн түүхэн дэх үнэмлэхүй амжилтынхаа тоог улам нэмсээр байна.
Өнөөдөр башёгийн сүүлийн өдөр их аварга Хакүхо озэки Гойдог уватэнагэ мэхээр давж 14 даваа, нэг унаатайгаар тэмцээнийг өндөрлүүлсэн байна. Хакүхо бямба гаригт түрүүлэх болзлоо хангасныхаа дараа NHK телевизийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “40 дэх удаагаа түрүүлэх боломжтой гэдгээ мэдэж байсан. Үүнийгээ тэмцээний өмнөх бэлтгэлийн үеэр сайн мэдэрч байсан” хэмээн ярьжээ.
https://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/20171125_20/