Өнгөрсөн сарын 26-ны өдөр ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт Таканоива А.Баасандоржийг цохиж гэмтээсэн талаар мэдээлэл цацагдаж Японы хуулийн байгууллага шалгаж эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Японы сүмогийн холбооны дэргэдэх Ёкозүнагийн зөвлөл өнөөдөр хуралдах тов гаргаад байгаа аж.
Энэхүү хурлаар дээрх хэрэгт холбогдоод байгаа хоёр сүмочдод холбооны зүгээс ямар арга хэмжээ, шийтгэл, шийдвэр гаргах нь зохистой талаар хэлэлцэж, саналаа хүргүүлэх юм байна. Мөн Ёкозүнагийн зөвлөл Харүмафүжигийн нэр холбогдсон хэргээс гадна башёг дундаас нь орхисон ёкозүна Кисэносатогийн тухай ч санал солилцохоор төлөвлөж байгаа юм байна.
Энэ явдалтай зэрэгцэн өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Монголын сүмо бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд олны танил эдгээр бөхтэй холбоотой асуудлыг зориудаар дэвэргэж болзогшүй тул хууль шүүхийн байгуулага эцсийн дүгнэлт гаргатал ул суурьтай хүлээцтэй хандахыг уриалжээ. Мөн тус холбооны тэргүүн Кёкүшюзан Батбаяр энэ талаар газар дээр нь судлахаар Япон улсыг зорьсон байна.