ШИЛДЭГ ЗӨВЛӨГӨӨ: Үнэртэй усыг хэрхэн хадгалах вэ?

Arslan.mn

Найзуудаа өнөөдөр та бүхэндээ үнэртнийг хэрхэн хадгалах тухай зөвлөгөө өгье. Юуны өмнө сүрчиг хадгалахтай холбоотой нэг буруу ойлголтыг залруулах хэрэгтэй гэж бодлоо. Хүмүүс ихэнхидээ сүрчгийг удаан хадгалж болдоггүй биздээ, ер нь хэр удаан хадгалах хугацаатай байдаг юм бэ гэж асуудаг. Шуудхан хэлэхэд үнэртэй усанд хүнсний бүтээгдэхүүнд байдаг шиг нарийн хадгалах хугацаа гэж байхгүй. Учир нь сүрчигний орцонд маш олон төрлийн химийн болон байгалийн гаралтай материаль ордог тул тэр болгон удаан хадгалснаас болж хоол хүнс шиг мууддагүй. Ер нь үнэртнийг ойролцоогоор нэг жил хагасаас гурван жил орчим хадгалах хугацаатай гэсэн ерөнхий ойлголт бий. Гэхдээ зарим компаниас өөрсдийн мэргэжилтнүүдийн тооцож гаргасан хадгалах хугацаагаа тэр сүрчигний бортого дээр тэмдэглэдэг. Тэр тэмдэглээ нь тухайн сүрчигний тагийг нээснээс хойш тэдэн сар хадгална гэсэн утгыг тоогоор илэрхийлдэг. (Зарим “ниш” фирмүүд флакон дээрээ арай ондоогоор тэмдэглэдэг. Жишээ нь энэ зурган дээр байгаа “Le Labo” (Fresh until – 0000)

Arslan.mn
Гэхдээ мэдээж энэ хугацаа бол тухайн сүрчгийг зориулалтын буюу харанхуй, хуурай, сэрүүн газар хадгална гэж тооцоолсон хугацаа шүү дээ. Тэгвэл үнэртэй ус хадгалах дээд хугацаа нь яг юу юм бэ гэж та асуух байх. Миний хувийн бодол бол ерөнхийдөө тухайн сүрчигний бортого дээр ийм тэмдэглэгээ байгаа бол тэрхүү хугацаанд нь хэрэглэсэн нь дээр, хэрэв тийм тэмдэглэгээ байхгүй бол ойролцоогоор 3 жил гээд тооцож болно. Гэвч энэ нь олон сүрчигтэй цуглуулгатай дурлагсдад бол маш богино хугацаа шүү дээ. Жишээ нь, надад 200 орчим сүрчиг байгаа ба нэг үнэртний жилдээ ихдээ л хоёрхон удаа л түрхэх тооцоо гарж байна. Надаас хэд дахин илүү олон сүрчигтэй дурлагсад ч дэлхий даяар бий. Гэхдээ би лав хувьдаа дэлхийн газар газар байгаа дурлагсдын дунд 2 – 3 жилээс илүү хадгалсан сүрчигнүүд хүмүүсийн амь насанд аюултай хор хохирол учрууллаа гэж хэзээ ч сонсож байгаагүй.
Харин чанар муутай хямдхан ба буруу хадгалсан сүрчигнүүд үнэрээ алддаг нь үнэн. Би өөрийнхөө сүрчигнүүдийг горимын дагуу хадгалдаг тул тэднийгээ авснаас нь хойш 5 – 7 жил найдвартай хэрэглэнэ гэж тооцож байгаа. Тэгэхдээ цуглуулганаасаа хамгийн түрүүнд авсныг нь эхэлж дуусгах зорилгоор илүү хэрэглэнэ.

Arslan.mn
Бас үйлдвэрлэлээс шууд гарсан үнэртэн худалдан авч цуглуулахаас гадна маш олон жилийн өмнө, жишээ нь 20, 30 жилийн өмнө худалдаанд гарсан хуучны сүрчиг цуглуулж хэрэглэдэг дурлагсад ч бий. Ийм сүрчгийг англиар “vintage” гэж нэрлэнэ. Сайн чанарын ийм сүрчиг өдийг хүртэл маш сайхан үнэрээ огт алдаагүй байдаг гэвэл та итгэх үү? Энэ юуг хэлж байна гэхээр яг үнэндээ сүрчгийг хэр удаан хадгалах нь нэгдүгээрт тухайн үнэртний чанар, хоёрдугаарт та сүрчигнийхээ цуглуулгыг яаж, ямар нөхцөлд хадгалахаас л бүрэн хамаарна гэсэн үг.
Үнэртэй усыг алдаг гуравхан зүйл бий. Үүнд 1. Халуун 2. Нарны болон бусад шууд туссан гэрэл 3. Чийг. Хэрэв та сүрчигээ гэрэл шууд туссан, халуун эсвэл уур савссан газар хадгалбал хэдэн жил байтугай хэдхэн хоногийн дотор таны усан дотор агуулагдсан үнэт тоснууд шарагдаж дуусна. Тиймээс цонхны тавцан дээр эсвэл ванны өрөөнд тольны өмнө сүрчигнүүдээ хадгалах нь буруу сонголт юм.
Иймд та өөрийнхөө үнэртнүүдийг урт хугацаагаар хадгалахын тулд цуглуулгаа харанхуй, хуурай, сэрүүн газар байрлуулах хэрэгтэй. Аль болох хайрцагтай нь хамт хадгалвал сайн. Гэхдээ над мэт цуглуулгаа бусдад үзүүлж гайхуулах дуртай ойворгон хүмүүс ихэнхдээ сүрчигнүүдийнхээ хайрцаг савийг хадгалдаггүйгээс гадна, бортгуудийг нь өнгө яралзуулан үзвэр маягаар тавих нь бий. Гэхдээ ядаж огт гар хүрэхгүй байх үедээ хаалттай шүүгээ гэх мэт гэрэл, дулаан, чийг нэвтрэхгүй орчинд хадгалах хэрэгтэй. Ингэхэд үнэртнийг хадгалах хамгийн сайн газар юу гээч? Тэр нь виноны хөргөгч юм (Wine cooler). Бас зарим оронд гоо сайхны бүтээгдэхүүн хадгалах зориулалттай жижигхэн хөргөгч зардаг юм билээ. Дурлагсадаас гадна зарим сүрчигний “ниш” фирмүүд хүртэл лангуугаа хөргөгчөөр зэвсэглэдэг. Жишээ нь “Frederic Malle” – ийн үнэртнийг зардаг дэлгүүрүүд энэ фирмийн сүрчигнүүдийг заавал тийм хөргөгчтэй лангуунд тавьдаг.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
6875