Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар ирэх сарын 3-наас 5-ны өдрүүдэд БНХАУ-д анхны айлчлалаа хийнэ. Тэрээр тус улсын Гадаад харилцааны сайд Ван Й-тэй уулзах юм.
Шинэ Засгийн газар бүрэлдээд хоёр сар ч болоогүй байхад тэрээр урд хөршийн нийслэлийг зорих талаар news.xinhuanet.com сайтад мэдээлжээ.
БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан "Монголын шинэ Засгийн газар БНХАУ-д эерэгээр ханддаг. БНХАУ Монгол Улстай тогтоосон харилцаагаа хөгжүүлэхийн тулд бодит ажлууд хийх хүсэлтэй гэж хэвлэлийн хурлын үеэр хэлжээ. Д.Цогтбаатар сайдын айлчлалын үеэр талууд улс төрийн итгэлцлээ харилцан бэхжүүлэх, практик хамтын ажиллагаа явуулах, илүү олон иргэнийг харилцан зорчуулах талаар хэлэлцэх юм байна.