Хүний арьс өвөл хавар зуны улиралд тусгай үйлчилгээ шаарддаг. Манай орны нөхцөлд хахир хатуу өвөл болдог нь хүний бие организмд төдийгүй арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг. Хүйтэн температур, хүйтэн салхи, байшин доторхи хэт хуурай агаар зэрэг нь бидний арьсны байгалийн хамгаалалтыг сэт цохин арьсыг маань муутгадаг бөгөөд өвлийн улиралд арьсанд нэмэлт арчилгаа зайлшгүй хэрэгтэй. Ийм нөхцөлд арьсыг хэрхэн арчлах ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх тухай зөвлөгөө мэдээллийг энэ дугаартаа орууллаа.
ЭМЭГТЭЙЧҮҮДЭД
Хүйтний эрч чангарах үед нүүрний арьс хуурайших хандлагатай болдог. Өвөл арьсанд хамгийн их тохиолддог гамшиг бол “хүйтэнд цохиулсан” цочролоос үүдсэн хуурайшилт, гуужилт, улайлт.Эдгээр өөрчлөлтийн хамгийн гол буруутан нь хүйтэн агаар. Мөн хүйтнээс гэнэт дулаан байшинд орж ирэх явцад болдог температурын огцом ялгаа маш муу нөлөө үзүүлдэг. Дээрээс нь өвлийн улиралд өрөө тасалгааны агаар хэт хуурай байдаг тул арьс маань байнгын хатаалтанд байдаг учраас чийгээ алдан үрчийх нөхцөл нь үлэмж төгсөөр бүрддэг. Зуны улиралд гэрт хатаахаар өлгөсөн хувцас, өвөл өлгөсөн хувцас – аль нь хурдан хатдаг билээ дээ? Тиймээс нүүрнийхээ арьсыг зуны цагт нэг янзаар, өвлийн цагт өөр янзаар арчлах шаардлагатай байдаг. Ядаж л, өвөл зунгүй нэг л тосоо хэрэглэж болохгүй гэсэн үг. Мэдээж, зун – дулаахан, ялангуяа бороо чийгтэй өдрүүдэд арьс маань тун тааламжтай нөхцөлд байдаг. Харин өвлийн улиралд дээр дурьдсан нөхцлүүдээс гадна бидний хамгийн том эрхтэн болох арьс маань, бусад эрхтэний адил хүчил төрөгчөөр ихээхэн дутагддаг. Арьс гэдэг бол хүний организмыг гадны нөлөөнөөс халхалж хамгаалж байдаг эрхтэн, тиймээс хамгаалах үүргээ гүйцэтгэхийн тулд хүйтэнд арьс зузаардаг. Мөн хүйтэн салхи арьсны чийгийг ч авдаг тул арьс хатуу, хуурай болно, |махыг өвөл борцолдгийг сана| мөн тос ялгаруулах булчирхайнуудын ажиллагаа эрс буурснаас хамгаалалтын тос – чийгний давхарга маань нимгэрч арьсны уян хатан байдал мууддаг. Энэ нь арьс үрчийх бас нэг томоохон шалтгаан. Хүйтэн агаарт байгаа бичил мөснүүд арьсыг улайлгах нөлөөлөл үзүүлдэг. Ийнхүү хүний арьс өвлийн улиралд илүү хурдан хөгширч үрчлээтдэг.
Арьсанд дулаан газраас гудамжинд ороход гарах температурын зөрөө илүү их хор учруулдаг. Үүний хортой нөлөөг зөөлрүүлэхийн тулд гарахынхаа өмнө орцондоо хэдэн минут бол. Энэ үед арьс хүйтэнд бага зэрэг дасч эхэлдэг. Үүнээс гадна өвөл арьс хүйтний нөлөөгөөр улайдаг ялангуяа хамар, хацар. Үүнийг анхааралдаа авах хэрэгтэй. Учир нь тонжуулагч кремүүд нь ихэвчлэн өнгөгүй байдаг тул таны нүүр царай хачин өнгөтэй харагдах үе байдаг. Иймээс өвлийн улиралд пудр хэрэглэх нь илүү зохимжтой. Өвлийн улиралд гоо сайхны бүтээгдэхүүн тослог суурьтай байвал сайн.