УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж эхлэв.
Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь 1 кВт.ц эрчим хүчийг ОХУ-аас 2.77 рубль буюу одоогийн валютын ханшаар 116.3 төгрөг, БНХАУ-аас 0.65 юань буюу 240.5 төгрөг, Дөргөний УЦС-аас 33 төгрөгөөр тус тус худалдан авч байгаа бөгөөд 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг 199 төгрөг болж байна.
Хэрэглэгчдэд борлуулах цахилгаан эрчим хүчний дундаж үнэ 102.3 төгрөг бөгөөд 1 кВт.ц тутам 96.7 төгрөгийн алдагдал хүлээж байгаа. Эрчим хүчний өөрийн өртөг болон борлуулж байгаа үнийн зөрүү болох алдагдлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг боловч алдагдлыг бүрэн нөхөж чадахгүй байгааг дурдлаа.
“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг УИХ-аас 2005 оноос эхлэн Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн дагуу чөлөөлж ирсэн. Уг хуулийн үйлчлэл 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөр дуусч байгаа тул “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчийг 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Уг хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авсан бөгөөд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, “Эрчим хүчний борлуулалтын үнийн зөрүүд улсын төсвөөс 2015, 2016, 2017 онуудад тус бүр 8.6 тэрбум төгрөг буюу нийтдээ 25.8 тэрбум төгрөгийн татаас олгосон. Мөн 2015 онд 1.5, 2016 онд 1.7, 2017 онд 2.0 тэрбум төгрөгийн Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн. Одоогоор аж ахуйн нэгжүүд 1 кВт цахилгааныг 130, иргэд 102.3 төгрөгөөр авч байна.
2018 ОНД УЛСЫН ТӨСӨВТ 8.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТААС ОЛГОХООР ТӨСӨЛД ТУСГАЖЭЭ
“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн алдагдлыг бууруулах зорилгоор 2018 онд улсын төсөвт 8.6 тэрбум төгрөгийн татаас олгохоор тусгагдсан. Мөн 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх төлөвлөгөөгөөр 2018 онд 2.3 тэрбум төгрөг, 2019 онд 2.4 тэрбум төгрөг, 2020 онд 2.6 тэрбум төгрөг буюу нийт 7.4 тэрбум төгрөгийг чөлөөлүүлэхээр төсөлд тусгаад байгааг хэллээ.
Түүнчлэн цаашдаа зөвхөн баруун бүс гэхгүй Өмнөговь, Дорноговийн эрчим хүчний шугам сүлжээнд түшиглэн Монгол Улс эрчим хүчний томоохон экспортлогч орон болох ирээдүй бий гэж харж байгаа. Иймээс энэ чиглэлээр нарийвчилсан судалгаа тооцоо хийж, алс хэтийн бодлого төлөвлөлттэй ажиллах шаардлагатай байгааг дурдав.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ач холбогдлоороо Монгол Улсын баруун бүсийн эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, импортын эрчим хүчний хамаарлаас гарах зорилго бүхий Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг нэн тэргүүнд барьж ашиглалтад оруулах шаардлагатай. Хөрөнгө оруулагчид ч уг төсөлд нааштай хандаж байгааг хэлээд салбарын сайд анхаарал хандуулан, ажиллаж буйг тэмдэглэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр баруун бүсийн эрчим хүчний өртөг зардлыг бууруулах шаардлагатай, үүний тулд эрчим хүчний түгээлтийн зардлын талаар нарийвчлан судлах нь зүйтэй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэх давхар ач холбогдолтойг анхаарч үзэх нь зүйтэй гэв.
Ингээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжлээ. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.