Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан УОК-ын шуурхай бүлгийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ОБЕГ-ын дарга, УОК-ийн дэд дарга Т.Бадрал, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Алтангэрэл, н.Саяна, ОБЕГ-ын УНХ-ийн тусламжийн газрын дарга Я.Гантөмөр нар ажиллаж байна. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондог нарын албаны хүмүүс тосож, өвөлжилт хүндэрсэн Алтай, Үенч, Булган суманд ажиллав. Монгол Улсын Шадар сайдын хувьд өвөлжилт хүндэрсэн 17 аймгийн 154 суманд хүрч, хүмүүнлэгийн болон өвс тэжээлийн тусламж, малын эм бэлдмэл хүргэн ажиллаж байна. Тэрбээр Ховд аймагт ажиллахдаа өвөлжилт хүндэрсэн Алтай, Үенч, Булган сумдад тус бүрт 40 тн өвсийг үнэ төлбөргүй, 20 тн тэжээлийг тус бүрт нь 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон байна. Мөн МУЗН, НҮБ-ын хүмүүнлэгийн тусламж, эрүүл мэндийн багцуудыг олголоо. Түүнчлэн өвөлжилт хүндэрсэн Булган суманд УАЗ Пургон авто машин, Алтай, Үенч сумдад УАЗ Hynter авто машиныг хүлээлгэн өгсөн байна. Монгол Улсын Шадар сайдын хувьд Алтай, Үенч, Булган сумдад ажиллахдаа өвөлжилтийг хохирол багатай туулахад хариуцлагатай байж, шат шатандаа анхаарах, өвөл дуусаж цаг наашилж байгаа ч хаврын хавсрага салхинд хүндрэх эрсдэлтэй тул малчид, ард иргэд, орон нутгийн удирдлагууд, сумын онцгой комисс, аймгийн онцгой комиссын бүрэлдэхүүн гээд дор бүртээ анхаарах талаар үүрэг чиглэл өгч ажиллав.
Ийнхүү Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан УОК-ын шуурхай бүлэг Алтай, Үенч, Булан сумдад ажиллан улмаар Ховд аймагт хүрэлцэн ирэв. Монгол орныхоо өнцөг булан бүрт хүрч, цаг үеийн хүнд хэцүү үеийг даван туулахаар хөдөлмөрлөж байгаа малчид ард иргэдийнхээ үгийг сонсож, тусламжийн гараа сунгаж байгаа Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг Ховдчууд Ард Аюушийн талбайд ёслол төгөлдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.