Та өвлийн улиралд орон сууц худалдан авахаар төлөвлөж байна уу? Хэрвээ тийм бол орон сууц худалдан авахад олон шалгуур үзүүлэлтийг нягтлан үзэж шийдвэр гаргах хэрэгтэй болдогч дулааны улиралд орон сууц хайх нь зарим зүйлсийг мэдэхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс өвлийн улиралд орон сууц худалдан авах нь танд дараах давуу талыг олгоно.
Байршил
Орон сууцны ирээдүйн үнэ цэнд байршил хамгийн чухал нөлөөтэй зүйлсийн нэг. Хэрвээ та орон сууц худалдан авахаар шийдсэн бол өвөл хамгийн тохиромжтой улирал. Учир нь хүйтний улиралд УТАА Улаанбаатар хотын томоохон асуудлын нэг болсоор байгааг та бид бүгдээрээ мэднэ. Тиймээс гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийн төлөө хүн бүр утааны бүсээс хол байршилтай орон сууц худалдан авахыг илүүд үзэх болсон. Таны сонгосон байршил утааны бүс, голомт хэсэгт хамаарч байгаа эсэхийг та өвлийн улиралд л мэдэх боломжтой.
Барилгын чанар
Өвлийн улиралд орон сууц худалдан авах нь барилгын чанарыг мэдэх тохиромжтой үе. Учир нь гэрийн цонх, хаалга, агааржуулагчаар дулаан хамгийн хурдан гадагшилж, хүйтэн агаар дамжин орох нөхцөл бүрдэж байдаг.
Сан техникийн асуудал
Орон сууц худалдан авахаар хайж байгаа хэн бүхний хамгийн түрүүнд сонирхдог зүйлс бол өвөлдөө хэр дулаан, төвийн дулаанд холбогдсон эсэх талаар байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд орон сууцны тоо нэмэгдсээр урьдын адил хүйтний улиралд дулаан байх эсэх нь хүмүүсийн дунд эргэлзээ төрүүлсээр байна. Хавар, зуны улиралд орон сууцны эрэлт, нийлүүлэлт эрчимтэй өсдөг хэдий ч дулааны асуудлыг мэдэх, таны шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох нь хүндрэлтэй байдаг. Хэдий хөрш айлуудаас өвлийн улиралд хэр дулаан байдгийг асууж мэдэж болох ч хүйтний улиралд байр худалдан авахын давуу тал нь та өөрийн биеэр дулааны түвшинг шалгаж үзэн эргэлзээгээ арилгах боломжтой байдаг.