Монгол Улсын хилийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн

төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод өнөөдөр /2016.12.27/ 9 цаг 50 минутаас 55.9 хувийн ирцтэйгээр хамтран хуралдаж, эхлээд Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн О.Батнасан танилцуулга хийсэн юм.

Ажлын хэсэг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцдаа хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн зарим нэр томьёог жигдэлж, дэгийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу ажлын хэсгийн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй зарим саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Б.Пүрэвдорж нарын асуултад ажлын хэсгийн ахлагч болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нар хариулт өгсөн юм.

Ингээд дэгийн хуулийн холбогдох заалтын дагуу ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжлээ. Тухайлбал, хуулийн төслийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийг "Хилийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар илрүүлсэн гадаадын иргэний виз, бүртгэлийн зөрчлийг гадаадын иргэн, харьяатын байгууллага шийдвэрлэнэ" гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн хуулийн дагаж мөрдөх хугацааг зохицуулсан төслийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг "2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс" гэж өөрчлөн найруулахыг дэмжлээ. Энэ саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хуулийн дагаж мөрдөх хугацаа хэт тулгамдуу байгаа юм биш үү, үүний цаана хүний асуудал яригдах учраас 4 дүгээр сарын 1 болгох шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв. Харин энэ талаар төрийн холбогдох байгууллагын удирдлагуудын байр суурийг тодруулахад Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн "Энэ хуулийг хэрэгжүүлэхэд хүнийг халах, шилжүүлэх асуудал байхгүй. Хууль хүчин төгөлдөр болох үед хил хамгаалах байгууллагад буцаж ирэх хүмүүст Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цэргийн цол олгож, зохих албан тушаалд нь ажиллууллна", Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн "Хилийн боомтын тухай хуультай холбогдож 400 орчим орон тоо манай байгууллагад шилжиж ирсэн, одоо 200 гаруй ажилтны асуудал бий. Тэдгээр албан хаагчдыг нэр устай нь, цалингийн сантай нь шилжүүлэх юм" гэсэн хариулт өгөв.

Мөн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг төслийн 48.5 дахь хэсгийг хил хамгаалах байгууллагын хамгаалалтад байгаа обьектод хүч хэрэглэн халдсан, хүч хэрэглэхээр завдсан тохиолдолд галт зэвсэг хэрэглэх агуулгаар өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гаргасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн дэмжлэг авлаа. Харин хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ё.Баатарбилэг, Ц.Гарамжав, Ж.Энхбаяр, О.Батнасан нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэнгүй. Ингээд Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төслийг дагалдаж өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах санал хураалтыг хуулийн төсөл тус бүрээр явуулахад Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн юм.

Дараа нь Монгол Улсын хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооноос боловсруулсан хоёр зүйлтэй уг хуулийн төсөлд Улсын Их Хурлаас 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр баталсан Хилийн боомтын тухай хуулиар хил хамгаалах байгууллагаас зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлэх чиг үүргийг гадаадын иргэн, харьяатын байгууллагад шилжүүлсэнтэй холбогдон бүтцийн өөрчлөлтөөр шилжсэн хилийн цэргийн албан хаагчдыг энэ хууль батлагдах хүртэл энгийнээр ажилласан хугацааг цэргийн жинхэнэ алба хаасанд тооцохоор тусгажээ. Уг хуулийн төслийг Монгол Улсын хилийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөх юм байна.

Байнгын хорооны хамтарсан хуралдаанаас уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гарган 77.3 хувиар дэмжиж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.

АН-ын бүлэг хууль тогтоомжийн төслүүдээс завсарлага авлаа

Байнгын хороодын хамтарсан хуралдааны дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дангаараа үргэлжлүүлэн хуралдаж, Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Засгийн газраас энэ сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаархи төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулсан юм.

Дипломат албаны тухай хуулийг 2000 онд баталсан. Дипломат албаны бодит нөхцөл байдлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2014 оны 6 дугаар сард хэлэлцэж, энэ талаар хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн байна. Энэ дагуу Засгийн газраас Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Дөрвөн зүйл бүхий уг хуулийн төсөлд төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд хилийн чанадад төлөөлөгчийн газраа нээх, төлөөлөгч томилохыг хязгаарлах; Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа 3 жил байсныг 4 жил болгож өөрчлөх, Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах шаардлагыг харгалзан хилийн чанадад ажиллагсдын цалин хөлсийг 3 жил тутамд Засгийн газраас шинэчлэн тогтоож байх, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах, эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагч бол ажлын байрыг нь хадгалах зэрэг зохицуулалтыг тусгасныг салбарын сайд танилцуулгадаа дурдав.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гадаад харилцааны чиглэлээр сүүлийн үед яригдаж байгаа асуудлаар Гадаад харилцааны сайдаас мэдээлэл авах шаардлагатай гэж намын бүлгийн хурлаас шийдвэрлэсэн тул Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн "Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлаас УИХ дахь АН-ын бүлэг ажлын таван өдрийн завсарлага авах хүсэлт гаргасан юм.

Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр УИХ дахь АН-ын бүлгийн хүсэлтийн дагуу намын тус намын бүлэгт ажлын таван өдрийн завсарлага өгч байгаа, түүнчлэн Байнгын хорооны ирэх оны эхний хуралдаанаар эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээс гадна сүүлийн үед яригдаж байгаа асуулалтай холбогдуулан Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонсоно гэдгийг мэдэгдлээ.

Дараа нь Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ талаархи төсөл санаачлагчийн илтгэлдээ, Олон улсын гэрээний тухай хуулийг 1993 онд баталж, 1998, 2012 онд тодорхой нэмэлтүүд оруулсан байдаг. Тус хуульд Олон улсын гэрээний эрх зүйн тухай Вөнийн конвөнцоор зөвшөөрсөн олон улсын гэрээ байгуулах аргуудыг бүрэн тусгаагүй, Монгол Улс нэгдэн орох, соёрхон батлах зэрэг хоёр аргаар олон улсын гэрээг байгуулж байгаа, олон талт гэрээнд нэгдэн орох процедурын зааг ялгааг нарийвчлан гаргаагүй, хуулийн үйлчлэх хүрээ тодорхойгүйн улмаас олон улсын хувийн эрх зүйгээр зохицуулах зарим гэрээний орчуулгын хяналтыг хийх субъект тодорхойгүй, олон улсын гэрээ үйлдэх хэл, гэрээний орчуулга хийх, орчуулгын хяналт хийх харилцааны зохицуулалт бүрхэг учраас бүх гэрээний орчуулгыг Гадаад харилцааны яам хянан баталгаажуулдаг зэрэг хууль зүйн болон практик шаардлагад үндэслэн Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өргөн УИХ-д мэдүүлсэн.

Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан. Тус хуулийн 37 дугаар зүйлд хуулийг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан. Иймээс Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсантай холбогдуулан Олон улсын гэрээний тухай 1993 оны хуулийг хүчингүй болгох шаардлагын дагуу энэхүү хуулийн төслийг боловсруулсан тухайгаа дурдлаа

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Занданшатар, О.Баасанхүү нар асуулт асууж тодруулсны дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаархи санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
85