Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хоёр асуудал хэлэлцлээ

Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2016.12.27/ хуралдаан 14 цаг 30 минутад гишүүдийн 63.2 хувийн ирцтэйгээр эхэлллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүнХ.Болорчулуун, Н.Амарзаяа нарын 16 гишүүн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа 2012 онд Монгол Улсын Их Хурал Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан гаргасан бөгөөд уг хуульд, удамшлын мэдээллийн шинэ хослол бүхий хувиргасан амьд организмаас гаралтай хүнсийг гадаадын зээл, тусламжаар авахыг хориглосон байна. Гэвч энэ төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэх, импортлоход ямар нэгэн хязгаарлалт тавьж, хяналт тогтоох эрх зүйн орчныг бүрдүүлээгүй учир хоол хүнсээр дамжуулан хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл учруулах эрсдэлийг үүсгэж байгааг дурдлаа. 

2000 онд дэлхийн 84 орны 828 эрдэмтэн хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүний хор нөлөөг анхааруулсан ил захидлыг Засгийн газруудад илгээж, сав шим ертөнц, хүн төрөлхтөнд асар их хохирол учруулж болзошгүй талаар сэрэмжлүүлэн, цаашид арилжааны зориулалтаар тариалах, үйлдвэрлэх, худалдаалах, хүнсэнд хэрэглэхээс татгалзахыг уриалжээ. Хувиргасан амьд организмын талаар судалгаа хийсэн эрдэмтдийн туршилтад оруулсан амьтад үхэж, тариалсан хөрсний бактери бүр мөсөн устсан байна. Тухайлбал А.Pusztai, S.Ewen /Ихбритани/, M.Malatesta /Итали/, V.Prescott /Австрали/, И.Ермакова /ОХУ/ зэрэг олон судлаач генийн өөрчлөлттэй төмс, шар буурцаг, вандуйгаар тэжээсэн харх, хулганын элэг, бөөр, уушиг, нойр булчирхай, бүдүүн гэдэс, түрүү булчирхай муудаж, биеийн болон зүрхний жин, дархлааны систем өөрчлөгдөх зэрэг олон сөрөг үр дагавар илэрч байгааг тогтоосон ажээ.

Монгол Улсын хүн амын тоо цөөн, байгалийн арвин баялаг нөөцтэй тул дотоодын хүнсний хэрэглээг генетикийн өөрчлөлтөд ороогүй, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах бүрэн боломжтой. Иймд дэлхийн олон улс хэрэглэхээс татгалзаж буй баталгаагүй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнд хязгаарлалт тавих эрхзүйн орчныг боловсронгуй болгож, хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импортод хяналт тавих зайлшгүй шаардлагатай байна. Дээрх шаардлагын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, тариалахыг хориглож, импортолж буй хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүний найрлагад тодорхой хязгаарлалт тавих зорилгоор Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж хууль санаачлагчид үзжээ.

Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гурван зүйлтэй. Төслийн нэгдүгээр зүйлд хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг тариалах, үйлдвэрлэхийг хориглох болон импортын стандартыг тогтоох тухай, хоёрдугаар зүйлд хувиргасан амьд организмаас гаралтай хүнсэнд тавих хяналтын тухай, гурав дугаар зүйлд дагаж мөрдөх хугацааг заах бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байна.

Хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон импортод тавих хяналтыг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар зохицуулна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж дагалдуулсан гэдгийг хууль санаачлагч УИХ-ын гишүүн онцолсон юм.

Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн, Х.Баделхан, А.Сүхбат, Ц.Гарамжав, С.Жавхлан нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн олонхи нь уг хуулийн төслийг цагаа олон боловсруулж, хэлэлцүүлж байгаад талархаж байлаа. УИХ-ын гишүүн С.Жавхлан “Генийн өөрчлөлт гэхгүйгээр хувиргасан амьд организмын тухай жирийн монголчуудад ойлгогдохоор монгол үг, хэллэгийг хэрэглэж хэвшүүлэх хэрэгтэй”-г сануулсан бол УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Генийн өөрчлөлтэй бүтээгдэхүүний талаар иргэдийн дунд сайн сурталчлах, тэр дундаа хүүхдүүдэд энэ тухай мэдлэг олгох шаардлагатай” гэсэн саналыг хэлж байв.

Гишүүдийн зүгээс хуулийн төсөлд генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэхийг  бүр мөсөн хязгаарлах, манай улсад энэ чиглэлээр хийсэн судлагаа бий эсэхийг илүүтэй тодруулж байлаа. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “ОХУ хувиргасан амьд организмаас гаралтай бүтээгдэхүүнийг оруулж ирэхийг хориглосон байдаг бол Европын орнуудад бүтээгдэхүүний стандартыг маш өндөр, чанга хатуу заасан байдаг. Монгол Улсын хувьд ч хатуу шаардлага тавих нь зүйтэй гэж үзсэн гэж хариуллаа.

Харин ажлын хэсгийнхэн Монгол Улсын газар тариалангийн бүс нутагт хувиргасан амьд организмаас гаралтай бүтээгдэхүүн тариалагдсан эсэх талаар есөн зүйлээр судлагаа хийсэн. Долоон аж ахуйн нэгж хувиргасан амьд органимзмаас гаралтай бүтээгдэхүүн тариалсан байсан. Түүнчлэн цагаан будаа, ургамлын тос, гурил гээд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн дотор хувиргасан амьд организмтай бүтээгдэхүүн байсан нь судлагаагаар тогтоогдсон. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон. Тиймээс олон улсын стандартын түвшинд шаардлага тавьж байгаа. Үүнээс илүү шаардлага тавихаар бол хувиргасан амьд организмаас гаралтай бүтээгдэхүүн Монгол Улсын хүн амд хэрхэн нөлөөлсөн эсэх талаар судлагаагаа танилцуулж, тайлбар хийх ёстой байдаг хэмээн хариулж байлаа.

Дараа нь уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Жавхлан УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сэргэлэн мэдээлэл хийлээ

Үүний дараа Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай УИХ-ын 2016 оны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдээлэл хийсэн юм. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сэргэлэн, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулгаар ахлуулсан ажлын хэсэг оролцлоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сэргэлэн танилцуулгадаа Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2010 оны 97 дугаар тогтоолоор “Халх гол төсөл”-ийн төлөвлөгөөг баталж, Зүүн бүсийн газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Дорнод аймгийн Халх гол суманд мал аж ахуй, газар тариалангийн салбарыг байгальд ээлтэй, экспортын баримжаатай салбар болгон хөгжүүлэх, загвар аж ахуй байгуулах зорилгоор ХХААХҮЯ-ны харьяа Халх гол төслийн нэгж зохион байгуулсанаар эхэлсэн байна. Төслийн үйл ажиллагааны хүрээнд БНСУ-ын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага ХХААХҮЯ-ны хооронд 2011 онд санамж бичиг байгуулан, техник тусалцааны 4.0 сая ам.долларын санхүүжилтээр Дорнод аймгийн Халх голын бүс нутагт Загвар аж ахуйн төслийг хэрэгжүүлэх “мал аж ахуй, газар тариалан хосолсон загвар аж ахуй”-г гурван жилийн хугацаанд барьж гүйцэтгэн Монгол Улсад албан ёсоор хүлээлгэн өгөхөөр тохиролцсон гэдгийг дурдлаа.

Гэвч санхүүжүүлэгч КОЙКА болон гүйцэтгэгч Солонгосын компанийн талаас шалтгаалан хүлээлгэн өгөх хугацаа хойшилсоор өнөөдрийг хүрээд байна. Энэ асуудлыг Засгийн газарт танилцуулсаны дагуу 2016 оны хоёрдугаар сарын 29-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд зааснаар 2016 оны 12 сард багтаан загвар аж ахуйг хүлээн авахаар хугацааг сунгасан гэдгийг тэрбээр  онцлов.

УИХ-ын 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийг байгуулж, Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай” 2015 оны 75 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Мөн Засгийн газар 2016 оны 328 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газрын хэмжээ, хилийн зааг болон бүсийн удирдлага зохион байгуулалт, газар ашиглалтын нийтлэг журмыг баталсан байдаг. Гэвч ХХАА-н сайд асан Р.Бурмаагийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А-110 дугаартай тушаалаар Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн хөгжлийн хөтөлбөр, тус бүсэд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллах байгууллагатай хөрөнгө оруулж, гэрээний загвар, тус бүсэд дагаж мөрдөх тариалангийн үйлдвэрлэл эрхлэх журмыг тус тус баталж, үүнийг үндэслэн бүсийн захиргааны дарга байсан Ж.Энхжаргалын шийдвэрээр тус бүсэд 24 аж ахуйн нэгжид 317,675.624 га талбайг хуваарилан, гэрчилгээ олгосон байна. Энэ нь “Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай” Засгийн газрын 2016 оны 328 дугаар тогтоолын 3.3-т заасан “Бүсэд газар эзэмшиж, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулах, эсхүл дуудлага худалдаа явуулах арга замыг ашиглан олгоно” гэснийг зөрчиж ямар нэг сонгон шалгаруулалт явуулалгүй газрыг хуваарилан олголт хийсэн байна. Ингэхдээ төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэсэн заалт, Засгийн газрын 2016 оны 328 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан журмыг баримтлаагүй байна  Мөн уг бүсийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалт дахь 152.993,74 га газрын давхардсан асуудлыг өнөөдрийг хүртэл тодорхой зохицуулалтгүй орхисон байгааг салбарын сайд танилцуулгадаа онцлов.

Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас цаашид дараах арга хэмжээ авахаар болжээ.

-Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсэд Засгийн газраас баталсан холбогдох дүрэм журмуудыг зөрчин хууль бусаар олгосон газрын зөвшөөрлүүдийг яаралтай цуцлах арга хэмжээ авах;

-Тус бүсийг хөгжүүлэх талаарх бодлогыг дахин тодорхойлж, аж ахуйн нэгж болон хөрөнгө оруулагч нарт ойлгомжтой тогтвортой эрх зүйн орчныг яаралтай бий болгож, энэ хүрээнд дунд болон урт хугацаанд дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг татах;

-Монгол Улсын болон зүүн бүсийн эдийн засгийн хөгжлийн цөм болоход шаардлагатай бодлогын болон эрх зүйн дэмжлэг, дүрэм журмыг тодорхой болгох;

-Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсэд хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ нөхцлийг Хөрөнгө оруулалтын тухай болон бусад хуульд нийцүүлэх;

-Газрын харилцаа эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, газрын нэгдмэл сангийн мэдээлэл, орон нутгийн газрын асуудал эрхэлсэн байгууллагуудтай хамтран ажиллаж, газрын мэдээллийн сангийн зөрүүтэй мэдээллийг судлан эцэслэн шийдвэрлэх

-Нутгийн удирдлагын байгууллагуудтай үйл ажиллагааны зааг ялгааг ойлгомжтой тодорхой болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ажиллахаар танилцуулгад тусгасан байв.

Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Д.Мурат, С.Жавхлан, А.Сүхбат, Б.Батзориг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Жавхлан А.Сүхбат нар уг бүсийг онгон дагшин байгалиар нь хэвээр үлдээх саналтай байсан бол УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Батзориг нар Монгол Улс органик цэвэр бүтээгдэхүүн нийлүүлэх бүс байгуулж, хөдөө аж ахуйн салбараас орлого олох хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлэв.

Хуралдааны төгсгөлд байнгын хорооны зүгээс салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулж тодорхой чиглэл өглөө гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
88