Засгийн газар 100 хоногт ЮУ АМЖУУЛАВ

Arslan.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш 100 хоног өнгөрлөө. Энэ хугацаанд томоохон төслүүд дээр баримтлах байр сууриа илэрхийлээд байна. Тухайлбал, газрын тос боловсруулах үйлдвэрийг энэ оны II улирлаас барьж эхлэх шийдвэрийг гаргасан юм. Дорноговь аймагт барих энэ үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-ийг I улиралд багтаан боловсруулж, тендер зарлана. Мөн Энэтхэгийн Засгийн газраас хөнгөлөлттэй нөхцөлөөр авах нэг тэрбум ам.долларын зээлээр төслийг санхүүжүүлнэ. Үүнээс гадна төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгын ажлыг II улиралд эхлэхээр төлөвлөөд байна. Шаардлагатай санхүүжилт болох 300 сая ам.долларыг БНХАУ-ын “Экспорт-Импорт”-ын банкнаас авах нэг тэрбум ам.долларын зээлээс бүрдүүлнэ. Хамгийн их хүлээлт дагуулж байгаа “Тавантолгой” төслийн тухайд дотоодын хувийн хэвшлийн компаниудыг оролцуулж БНХАУ-ын талтай хамтрах, эсвэл Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-ын талтай хамтрах гэсэн хоёр хувилбар яригдаж байгаа гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн юм.

Үүнээс гадна “Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулагч “Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак Монголд ирж, Ерөнхий сайдад бараалхлаа. Энэ үеэр хоёр тал “Оюу Толгой”-ийн зардлыг багасгах, хөрөнгө оруулагчдын өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцлоо. Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд долоон төрлийн татвар нэмэхээр болсны дунд хувь хүний орлогын албан татварыг дөрвөн шатлалтай болгосон нь нэлээд эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Харин одоо Монголд ажиллаж байгаа Олон Улсын Валютын Сангийн ажлын хэсгийнхэнтэй дахин хэлэлцээ хийж, татварыг бууруулах, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын босгыг нэмэх боломжтой гэж Засгийн газар үзэж байна. Татварын шинэчлэл хийж байгаатай холбоотойгоор Монгол Улс Европын Холбооны татвараас зайлсхийдэг бүсүүдийн хар жагсаалтаас мөн гарлаа.

Аравдугаар сард Засгийн газар “Гэрэгэ” бондыг амжилттай гаргаж, 800 сая ам.долларын хөрөнгө татав. Үүгээр “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг барагдуулсан юм. Мөн “Дим Сам” бондын төлбөрийг хийх санхүүжилт бүрдсэн байна. Түүнчлэн гадаад валютын албан нөөц гурван тэрбум доллараас давсан үзүүлэлттэй гарлаа.

Үүнээс гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхны гадаад айлчлалаа БНСУ-д хийлээ. Айлчлалынхаа үеэр 700 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар болж, үүнийг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдвэрлэхэд зарцуулахаар төлөвлөж байна. Хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан ирэх гуравдугаар сард болох бөгөөд төсөл хөтөлбөрүүдийг судалж үзэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
8919