Ж.Саранцэцэг: Улсын нэгдүгээр төв эмнэлэг амбулаторийн болон оношлогооны тусламж үйлчилгээг уртасгасан цагаар үзүүлж байна
Зочин:
Ж.Саранцэцэг
Байгууллага:
Улсын нэгдүгээр төв эмнэлэг
Албан тушаал:
Эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээний албаны дарга
Ажиллах арга барил:
Харицлагатай, үнэнч, шударга

Ж.Саранцэцэг

02 сарын 09, 2017

Үзсэн: 1095

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн  Эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээний албаны дарга Ж.Саранцэцэгтэй ярилцлаа.

-ЭМЯ-ны Сайдын тушаалаар саяхан 2-р сарын 1-нээс эхлээд төв эмнэлгүүд хоёр ээлжээр ажиллаж эхэлсэн. Танай Нэгдүгээр төв эмнэлгийн хувьд үйл ажиллагаа жигдэрч байна уу?

-Эрүүл мэндийн сайдын 2017 оны 1 дүгээр сарын 31-ний “А/48” тоот тушаалын дагуу төрөлжсөн төв эмнэлгүүд, лавлагаа төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна. Ингэхдээ амбулаторийн болон оношлогооны тусламжийг хоёр ээлжээр үзүүлэх юм. Манай эмнэлэг ч мөн энэ 2 дугаар сарын 1-нээс эхлэн сайдын тушаалын дагуу ажиллаж байгаа.

-Уртасгасан цагаар ажиллах энэхүү цагийн хуваарь хэдий хүртэл үргэлжлэх юм бол?

-Иргэдэд эмнэлгийн төрөлжсөн нарийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх, оношлогоо эмчилгээний хүлээгдлийг бууруулах гэсэн зорилготой гарсан сайдын тушаал гэдгийг олон нийт, иргэд сайн мэдэж байгаа байх. Гэхдээ яг хэзээ  дуусах цаг, хугацааны талаар тодорхой заагаагүй.

-Үүнтэй холбоотойгоор танай эмнэлэг хүний нөөцийн асуудлаа хэрхэн зохицуулж байна вэ? Шинээр ажилтнууд авч байгаа юу, эсвэл дотроо зохион байгуулалт хийсэн үү?

-Сайдын тушаалаар, тодорхой тооны боловсон хүчнийг ажиллуулах болон санхүүгийн эх үүсвэрийг мөн зааж өгсөн. Үүний хүрээнд манай эмнэлэг гэхэд л эмч болон эмнэлгийн дунд шатны мэргэжилтнүүдийг нэмэлтээр авч ажиллуулж байна.

-Ямар чиглэлээр үзлэг хийж байна вэ? Энэ талаар тодруулж хэлж болох уу?

-Өнөөдрийн байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг дотрын чиглэлээр элэг цөс, бөөр, уушиг, зүрх судас, мэдрэлийн эмчийн үзлэг, мэс заслын чиглэлээр ерөнхий мэс засал, чих хамар хоолой, нүд, эрүү нүүрний мэс засал, урологи, проктологи оношлогооны чиглэлээр зүрхний эхо, ходоодны дуран, хэвлийн эхо, зүрхний бичлэг, рентген дүрс оношлогооны гэсэн нийт 16 төрлөөр иргэдэд тусламж, үйлчилгээг уртасгасан цагаар, ажлын өдрүүдэд оройны 17.30 цагаас 20.00 цаг хүртэл, бямба гарагт өглөө 10.00-14.00 цагийн хооронд үйлчилж байна. Эмч ажилтнуудын тухайд зохицуулалт хийж зарим эмч нарыг өдрийн цагаар ирүүлж үдэш 20.00 цаг хүртэл ажиллуулах зэргээр хүний нөөцийн байдлаа харгалзан үзсэн байгаа.

-Хоёр ээлжээр эмнэлэг ажиллаад ирэхээр ямар нэг хүндрэл, бэрхшээл гарч байна уу?

-Манай эмнэлэг 2013 онд 1 жилийн хугацаанд уртасгасан цагаар 2 ээлжээр ажиллаж байсан туршлага бий. Иймд харьцангуй богино хугацаанд зохион байгуулалтаа хийж, ажил үйлчилгээ жигдэрсэн.

Бид 16 чиглэлээр, бараг 20-иод төрлийн тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.

Энэ бол нэлээд өргөн хүрээний үйл ажиллагаа юм. Эмнэлгийн нэг давхраас эхлээд цахим бүртгэл, өлгүүр, хоёр, гурав, дөрөвдүгээр давхарт байх кабинетүүдүүд ажиллаж байна.

-Харин үйлчлүүлэгчдийн хувьд ачаалал хэр байна вэ?

-Гуравдугаар шатлалын тусламж үйлчилгээ, лавлагаа төв гэдгээрээ манай эмнэлгийн ачаалал ер нь маш их байдаг. Элэг цөс, зүрх судасны кабинет, зүрхний эхо гэхчлэн дотор болон бусад мэс заслын тасгууд, мөн зарим онцлог бүхий тасгуудаар  үйлчлүүлэгчид их байна.

-Тэгвэл, эмнэлгийн ажилтнуудын зүгээс уг шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бол гэдгийг сонирхож болох уу?

-Эмнэлгийн ачаалал нэмэгдэж, жишээ нь удирдлагын багаас гэхэд л байнгын хяналт үнэлгээ, явцын үнэлгээ зэргийг хийхэд бүх ажилтан илүү цагаар ажиллаж байгаа нь хаана ч тодорхой байгаа байх. Эмнэлгийн үйлчлэгчээс авахуулаад бүгдээрээ илүү цагаар ажиллаж байна. Амбулаторийн тусламж үйлчилгээ, оношлогооны үйл ажиллагааг нэг талаас сайжруулах гэж байгаа ч нөгөө талдаа хэвтэн эмчлүүлэх тасгийн хувьд бид хязгаарлагдмал нөөцтэй ажиллаж байна. Энэ нь эргээд цаашид хэвтэн эмчлүүлэгсдийн тухайд дараалал үүсгэхийг үгүйсэхгүй. Тэгэхээр хүмүүс эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шатлалыг аль болох алгасаж ирэлгүй, зохих ёсоор нь үйлчлүүлж чадах юм бол байдал хэвийн л үргэлжлэх байх хэмээн бодож байна.

-Цаг гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа.


Ярилцсан сэтгүүлч:
А.Алтжин