Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа

Улсын Их Хурлын чуулганы 2016 оны сүүлчийн нэгдсэн хуралдаан өнөөдөр /2016.12.28/ 10 цаг 24 минутад 51.8 хувийн ирцтэй эхэлж, 10 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Хөгжлийн банкны талаархи тогтоолын төслийг

эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.

Засгийн газраас энэ сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороодын өчигдрийн хамтарсан хуралдаанаар хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр тогтжээ.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Г.Занданшатар, Н.Цэрэнбат, Ц.Гарамжав нар асуулт асууж тодруулан Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс хариулт авав. Сангийн сайд Б.Чойжилсүрэн гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Хөгжлийн банкнаас олгосон 5.9 их наяд төгрөгийн зээлийн багцын 54.5 хувь буюу 3.2 их наяд төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлд олгосон байгаа. Үүнтэй холбогдож Засгийн газар, Хөгжлийн банк хооронд хүү, үндсэн төлбөр, ханшийн зөрүүний өр авлагын тооцоо үүссэн. Иймээс Засгийн газрын зүгээс улсын төсвөөс санхүүжүүлсэн болон Хөгжлийн банкны санхүүжилж чадах төслүүдээ хувааж авах шаардлага гарч байгаа. Энэ утгаараа тогтоолд хугацаа зааж өр, авлагын алдагдлыг хаахаар болсон. Үүнийг хувийн компанидын өр авлагыг хаах гэж байгаа мэтээр ойлгож болохгүй, тийм асуудал огт байхгүй” гэдгийг тодотголоо. Мөн Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва “Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт, холбогдох асуудлыг судалж шалгаж байгаа. Удахгүй дүгнэлтээ гаргаж танилцуулна” гэдгийг хэллээ.

Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн шатанд Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Тухайлбал, тогтоолын төслийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банк хооронд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүсэн өр авлагын тооцоог 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр эцэслэн шийдвэрлэж, Монгол Улсын Хөгжлийн банкны зохистой харьцааны холбогдох шалгуур үзүүлэлтийг сайжруулах арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар/ Ж.Эрдэнэбат/-д даалгасугай” гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувь нь дэмжив. Мөн төслийн 2 дахь хэсгийн “үнэт цаасаар нэмэгдүүлэх” гэснийг “үнэт цаас гаргаж нэмэгдүүлэх” гэж, төслийн 3 дахь хэсгийн “аудит хийж дүгнэлт гаргах” гэснийг “аудит хийх” гэж тус тус өөрчлөн найруулахыг гишүүдийн 77.8 хувь нь дэмжсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа тогтоолын төслийн 2 дахь хэсэгт Монгол Улсын Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг 1.0 их наяд хүртэлх төгрөгийн Засгийн газрын үнэт цаасаар нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгахаар заасныг “500 сая” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг Байнгын хороо дэмжээгүй аж. Байнгын хорооны энэ саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.2 хувь дэмжсэн юм. Ингээд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулав

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчдийг танилцуулах тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавиннэгдүгээр зүйлийн 51.2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нэр дэвшигчдийн танилцуулгыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хийлээ.

Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигч Гочоогийн Банзрагч нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. 1985-1995 онд нийслэлийн 43 дугаар дунд сургууль, 1995-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Тэрбээр 1999-2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд, 2002-2003 онд ХБНГУ-ын Байротын их сургуульд Хууль зүйн ухааны магистр, 2006 онд Байротын их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр 2001 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Захиргааны эрх зүйн тэнхмийн багш, 2015 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирлаар томилогдон ажиллаж байгаа аж.

Харин нэр дэвшигч Бямбын Мөнхтуяа нь 1962 онд Улаанбаатар хотод төрсөн, 1970-1980 Булган аймгийн Булган сумын дунд сургууль, 1981-1986 ОХУ-ын Эрхүүгийн их сургууль, 1996 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институтийг тус тус төгссөн. Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, 2000 онд ОХУ-ын Эрхүүгийн их сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1986-1988 онд Булган аймгийн прокурорын газарт дадлагажигч ажилтан, 1988-1989 онд Тээврийн яамны Хуулийн хэлтэст хууль тогтоомжийн фондын бүрдүүлэгч, 1989-1991 онд Улаанбаатар хотын шүүхийн шүүгч, 1991-1992 онд Найрамдлын районы Ардын шүүхийн шүүгч, 1992-1993 онд Ажилчны районы шүүгч, 1993-2006 онд Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч, 2006-2011 онд Баянгол дүүргийн шүүхийн шүүгч, 2011-2014 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2014 оны 6 дугаар сараас өнөөг хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа юм байна.

Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчдийг танилцуулах тухай асуудлыг хэлэлцэж танилцсан талаархи Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд танилцуулав. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир, Л.Энх-Амгалан, Б.Ундармаа, С.Чинзориг, Л.Болд, Г.Занданшатар, М.Билэгт, Л.Болд нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлэн нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа хэлсэн юм.

Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгч томилох хуулийн заалттай. Иймээс Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчдийг Улсын Их Хуралд танилцуулсан талаархи асуудлыг Улсын Их Хурлын дарга албан бичгээр Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлах юм байна.

Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчийг дэмжлээ

Дараа нь Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчийн талаар зөвшилцөх тухай асуудал хэлэлцэв. Энэ талаархи танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хийсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндсэн хуулийн Тавинзургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын ерөнхий прокурорын орлогчоор Баяраагийн Амгаланбаатарыг томилох саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн байна. Б.Амгаланбаатар нь 1972 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994 онд Цагдаагийн дээд сургууль, улмаар 2008 онд Монголын Үндэсний дээд сургуулийг эрх зүйн магистр, 2013 онд Удирдлагын академийг тус тус төгсчээ.

Тэрбээр 1993-2002 онд нийслэлийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, 2002-2007 онд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга, 2007-2008 онд Улсын мөрдөн байцаах газарт хэлтсийн дарга, 2008-2012 онд Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, 2012 онд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга, 2014-2015 онд нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн даргаар тус тус ажиллаж байгаад 2015 оноос Нийслэлийн прокуророор ажиллажээ. Б.Амгаланбаатар нь Прокурорын байгууллагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан талаар Ерөнхийлөгчийн зөвлөх танилцуулгадаа онцлов.

Харин нэр дэвшигчийн талаархи асуудлыг зөвшилцсөн тухай Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.

Нэр дэвшигчийн талаархи танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, О.Баасанхүү, Б.Ундармаа, Ө.Энхтүвшин, М.Билэгт, Ц.Цогзолмаа, Л.Болд, Ц.Нямдорж нар асуулт асууж тодруулан үг хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Ингээд Б.Амгаланбаатарыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилох саналыг дэмжье гэсэн Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 54 гишүүний 46 нь буюу 85.2 хувь нь дэмжсэн юм. Иймээс нэр дэвшигчийн асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн талаархи санал хураалтын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилна гэдгээ Улсын Их Хурлын дарга эцэст нь хэллээ.

Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас энэ оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын өчигдрийн хамтарсан хуралдаанаар хийсэн юм.

Энэ талаархи Байнгын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан хийлээ. Байнгын хороод хамтарсан хураалдаанаараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн зарим нэр томьёог жигдэлж, дэгийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу ажлын хэсгийн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй зарим саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.

Байнгын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Г.Занданшатар, Г.Мөнхцэцэг нар Байнгын хорооны дарга, ажлын хэсгээс асуулт асууж тодруулсны дараа Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй 8 саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, хуулийн төслийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийг "Хилийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар илрүүлсэн гадаадын иргэний виз, бүртгэлийн зөрчлийг гадаадын иргэн, харьяатын байгууллага шийдвэрлэнэ" гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн хуулийн дагаж мөрдөх хугацааг зохицуулсан төслийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг "2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс" гэж өөрчлөн найруулах, төслийн 48 дугаар зүйлд “дахь хил хамгаалах байгууллагын хамгаалалтад байгаа обьектод хүч хэрэглэн халдсан, хүч хэрэглэхээр завдсан тохиолдолд галт зэвсэг хэрэглэх” гэсэн агуулгатай 48.1.5 дахь хэсгийг нэмэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Ингээд Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 45 нь буюу 88.2 хувь нь дэмжив. Мөн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдаж өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийг бүхэлд нь батлахыг дэмжсэнээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
90