Д.ДАШМАА: Хэрэгт авагдсан баримтуудаар гэр шатах үед талийгаач Н.БАЙГАЛМАА нь ганцаараа байсан нь тогтоогдсон

Өнгөрсөн амралтын өдрүүдээр олон нийтэд “Цэнхэр үст Цэрэн” гэсэн нэрээр танигдсан Э.Цэрэндолгор өөрийн цахим хуудсандаа “талийгаач бэр Н.Байгалмаа нь Э гэх хүнтэй хамт байж байгаад хайлсан хэмээн мэдэгдэж, олныг талцуулаад авсан. 

Харин ЦЕГ-аас зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд энэхүү мэдээлэл нь ташаа гэсэн тайлбарыг өгсөн юм.

Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодруулахад "Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт монгол гэр шатаж, дотор нь байсан иргэн Н.Байгалмаа нас барсан хэрэг гарсан. Энэ хэрэгт Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна. Прокурор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс эхлэн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд  хяналт тавьж ажилладаг. Дээрх хэргийн тухайд мөн адил мөрдөн шалгах ажиллагаа нь прокурорын хяналтанд байгаа, мөрдөн шалгах ажиллагаа одоо явагдаж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар гэр шатах үед талийгаач нь гэртээ ганцаараа байсан нөхцөл байдал тогтоогдсон.

Нэгдүгээрт, иргэн Э.Цэрэндолгороос энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг авсан. Хоёрдугаарт, гал гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоох шинжилгээ хуулийн дагуу хийгдэж байгаа. Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байгаа учраас үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Шалгагдаж дуусаагүй байгаа хэргийн явц, үр дүнгийн талаар нийтэд мэдэгдэх нь хуулиар хязгаарлагдсан.

Нэмж хэлэхэд иргэд маань олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо зөв илэрхийлж, үнэн бодитой мэдээллийг нийтэд түгээж байгаасай гэж хүсэж байна. Ялангуяа олон нийтийн сүлжээнд идэвхтэй байдаг хүмүүс иргэдэд буруу ташаа ойлголт, сэтгэгдэл төрүүлэхүйц мэдээ, мэдээлэл түгээж нийгмийг талцуулж болохгүй. 

Дээрх жишээнээс харахад, иргэдийг хууль, хяналтын байгууллагын мэдээ, мэдээлэлд үл итгэх байдалд хүргэж болохуйц нөхцөл байдлыг бий болгож байгаа нь харамсалтай байна. Нөгөөтээгүүр хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах нь Эрүүгийн хуульд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт тооцогддог." хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
28479