
АТГ-аас Эрчим хүчний салбарт хийж буй мөрдлөг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн рүү дөхсөөр байна. Өмнө Дулааны 4-р цахилгаан станцын захирал Н.Тавинбэхийг саатуулахдаа 3 албан тушаалтанг цуг саатуулсан.
Тэгвэл АТГ өчигдөр “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга М.Кадирбек нарыг саатуулж, гэр, ажлын өрөөг нь нэгжиж, их хэмжээний валют, бэлэн мөнгө, эд зүйлс хураан авчээ.
Тэднийг Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх нарын хэрэгт холбогдуулан, мөрдөн шалгаж байгаа аж.
Д.Бямбасүрэн нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн найз бөгөөд Б.Чойжилсүрэнгээс хөтөлж, хормойдон, түүнээс албан тушаал авч ирсэн нэгэн ажээ.
Тэгвэл гэр, ажлын өрөөнөөс их хэмжээний валют, бэлэн мөнгө, эд зүйлс хурааж саатуулагдсан гэх Б.Чойжилсүрэнгийн анд Д.Бямбасүрэнгийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮1,1 тэрбум
Гэр бүлийн орлого: ₮197 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮85 сая
Орон сууц барилга байгууламж: ₮4,7 тэрбум /Орон сууц-3, Зуслангийн байшин-1, Үйлчилгээний зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮28 сая / Toyota, Highlander,Toyota, Prius /
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮300 сая / Ашиглах-1800м2-1 /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮350 сая
Хадгаламж: ₮2,3 тэрбум
Авлага: ₮1,2 тэрбум
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
Д.Бямбасүрэн нь Б.Чойжилсүрэнтэй ямар холбоотой болохыг шалгаж үзэхэд:
- 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Б.Чойжилсүрэн Сангийн сайдаар томилогдсон. Улмаар Б.Чойжилсүрэн Сангийн сайдын тамгаа авснаасаа сарын дараа найз Д.Бямбасүрэнгээ Сангийн яамны харьяа Төрийн банкны орлогч захирлаар томилсон байдаг. Тухайн үед Төрийн банкны орлогч захирал Д.Бямбасүрэн сард 10 сая төгрөгийн цалинтай байжээ.
- 2017 оны есдүгээр сард Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч, Б.Чойжилсүрэн Сангийн сайдын сэнтийгээсээ буусан. Түүнийг дагаад Д.Бямбасүрэн ч Төрийн банкны орлогч захирлын албан тушаалаа өгч байв.
- 2022 оны наймдугаар сарын 30-нд Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайдаар томилогдсон. Ингээд яг сарын дараа буюу 2022 оны есдүгээр сарын 29-нд Б.Чойжилсүрэн найз Д.Бямбасүрэнгээ өөрийн Эрчим хүчний яамны харьяа “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон байдаг аж.





















