
"Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг өвөл ярьж, хавар мартдаг болоод удаж буй. Тэгвэл Утаатай Улаанбаатарт "тоггүй" гэх тодотгол нэмэгдэж 9 хонолоо.
2024 онд цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг 3 ДАХИН НЭМЖ, иргэд, аж ахуйн нэгжүүдийг “шок”-нд оруулж байсан. Үүнийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний реформын үндэсний хороо тайлбарлахдаа, "Эрчим хүчний Реформ" хийнэ гэсээр бүтэн 2 жилийн хугацаа өнгөрчээ. Ямар ч реформ алга. Өмнөхөөсөө өөрчлөгдсөн зүйл алга.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Энхтуяа "Эрчим хүчний реформын ажлын хэсэгт орж ажилласан. Цахилгааны үнэ нэмээд 560 тэрбум төгрөг төвлөрсөн. Энэ мөнгөөр ямар нэг зуух солиогүй, засвар хийгээгүй. Ажлын хэсгээс асуухад "Өр ширэнд өгөөд дууссан" гэж тайлбарлаж байгаа" гэжээ.
Өөрөөр хэлбэл, иргэдийн төлсөн 560 тэрбумыг салхинд хийсгэсэн хүмүүс Т.Доржханд, Б.Чойжилсүрэн, Г.Амартүвшин нарт хариуцлага тооцохгүй нь тодорхой болж буй.
Учир нь өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хариуцлагын асуудал яригдах байх гэсэн олон нийтийн хүлээлт байсан боловч Ерөнхий сайд цаашид богино хугацаанд үр дүн гаргаж ажиллах үүрэг даалгавар өгсөн гэж мэдээллэв.
Эрчим хүчний салбарын сайд нь иргэдийг өмнө гарч ирэхээрээ "Аль болох цахилгаан хязгаарлахгүй байхыг хичээнэ", "Доголдол үүсвэл цахилгаан хязгаарлахаас өөр аргагүй", "Намайг зохион байгуулалтай гүйтгэж байна" хэмээн мэдэгдэл хийдэг болсон.
Мөн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн салбарын эргэн тойрноос Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх болон түүнтэй холбогдуулан нэг сумын дүү, Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч П.Товуудорж, арван жилийнх нь найз, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн нар авлига, албан тушаалын хэргээс саатуулагдсан.
Ерөнхий сайд Г.Занданшатар хариуцлага тооцож чадах уу гэсэн асуултад иргэд хариулт авахыг хүсч байна.

























