Иргэн А нь 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож, данснаасаа 58 сая төгрөгийг валют болгон солиулахаар шилжүүлж, залилуулсан гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг цагдаагийн байгууллага бүртгэн авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.
2025 онд цагдаагийн байгууллагад цахим орчинд “Валют солино” гэх зарын дагуу 68 иргэн залилуулсан гомдлыг шалгах ажиллагаа явуулсан.
Сар шинийн баяр ойртсон эдгээр өдрүүдэд иргэд хилийн чанадаас бараа таваар худалдан авах эрэлт ихсэхтэй холбоотой хуурамч валют зарах, солиулах, цахим орчинд “Валют худалдана” гэх хуурамч зар мэдээллийг байршуулж, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна.
Иймд иргэд та бүхэн гадаад валют худалдан авахдаа энэ төрлийн үйлчилгээ эрхлэх эрх олгогдсон байгууллагаар үйлчлүүлж, гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.






























